Австралийн Брисбань хотноо гурван жил тутамд зохион байгуулагддаг Ази номхон далайн триеналь буюу олон улсын дүрслэх урлагийн 11 дэх удаагийн контемпорари урлагийн наадам эхэллээ.
Монгол улсаас уран бүтээлч Баатарсүхийн Дөлгөөн байгалийн гаралтай материал, текстилээр урласан, цуврал хөрөг, өрөг бүтээлүүдээр, уран бүтээлч Аюурзанын Очирболд, Болдын Номин нар “Амьдралын аяга” нэртэй хамтарсан өрөг бүтээлээр оролцож байна.
Куйнслэндын орчин үеийн урлагийн галерейгаас зохион байгуулдаг тус наадамд дэлхийн 30 гаруй орны 70 уран бүтээлч оролцож байна. Энэ удаад тус наадмын кураторууд шинэ уран бүтээлчид, шинэлэг бүтээлүүдийг түлхүү үзүүлэхийг зорьжээ.
Саудын Араб, Зүүн Тимор, Узбекистаны уран бүтээлчдийг анх удаа урин, уугуул үндэстэн, цөөнх, цагаачдын соёлыг тойрсон сэдвүүдийг хөнджээ. Үйлдлийн, хамтарсан, олон нийтийн оролцоотой урлагийн хэлбэрүүдийг үзүүлэхэд голчлон анхаарсан байна.
Түүнчлэн байгаль дэлхий, өв уламжлал, орчин тойрноо хайрлан хамгаалах гэсэн хүмүүсийн эрмэлзэл, улс дамнасан шилжих хөдөлгөөн өнөөгийн түүхийг хэрхэн бүтээж буй талаар өгүүлсэн бүтээлийг олноор дэлгэжээ.
2023 оны тавдугаар сард тус триеналийн куратор Рьюбен Улаанбаатарт ирж, судалгаа хийн, уран бүтээлч Б.Дөлгөөн, А.Очирболд, Б.Номин нарыг оролцуулахаар болжээ.
Уран бүтээлч Б.Дөлгөөн сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай утас ашиглан хэрэглээний бус юмс урлаж, хувцас загвартай хослуулан өрөх, даавууны ширхэг, бүтцийг нарийн мэдэрч тоглосон эмэгтэй хүний нууцлаг хөргүүд бүтээх дээр төвлөрөн ажиллажээ.
Энэ удаагийн наадамд Дөлгөөний 10 гаруй хөрөг, орон зайн бүтээлийг нь дэлгэн үзүүлэхийн зэрэгцээ Куйнслэндын орчин үеийн урлагийн галерейгаас эдгээр бүтээлүүдийг өөрийн цуглуулгад худалдан авчээ.
Харин уран бүтээлч Б.Номин, А.Очирболд нарын хувьд, Б.Номингийн бүтээлдээ ашиглаж заншсан буддын шашны бэлэгдэл дээр барималч А.Очирболдын уран хийц, санаа нэмэгдэн 2023 онд хамтран бүтээсэн, металл хийцтэй 2000 орчим хохимой толгой бүхий “Амьдралын аяга” нэртэй өрөг бүтээлээр хамтран оролцож байна. Номин, А.Очирболд нар сүүлийн жилүүдэд хэд хэдэн томоохон хэмжээний бүтээл дээр хамтран ажиллажээ.
Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо Ази Номхон далайн триенальтай 2015 оноос хойш хамтран ажиллаж, дэлхийд нэр хүндтэй энэ үзэсгэлэнд монголын шилдэг уран бүтээлчдийг оролцуулах ажлыг хамтран зохион байгуулсан. Тухайлбал 2015 онд уран бүтээлч Д.Үүрийнтуяа, Б.Баатарзориг, Г.Гэрэлхүү, Б.Номин нар, 2018 онд уран бүтээлч Т.Энхболд оролцож наадмын нээлтийн өдөр гадаа орон зайнд үйлдлийн урлагийн бүтээлээ толилуулж байжээ.
Энэхүү 11 дэх удаагийн Ази Номхон Далайн Триеналь өнгөрсөн сарын 30-нд нээлтээ хийсэн, дөрөвдүгээр сарын 27 хүртэл үргэлжилнэ.