Монголд анхны олон улсын автомашин мотоциклийн наадмыг 2025 оны тавдугаар саарын 09-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүрэг дэх Авто худалдааны цогцолбор төвийн “Power land” талбайд зохион байгуулах гэж байна. Монголын анхны олон улсын автомашин, мотоциклийн наадам болох “Power expo & festival”-д БНХАУ, ОХУ, АНУ, БНСУ, Япон, Казахстан, Киргизстан зэрэг улс орнуудын дрифтийн болон мотоциклийн баг тамирчид оролцож, Монголын тал нутагт 2025 оны Азийн дрифтийн аваргыг тодруулах юм.
Монголын анхны олон улсын автомашин мотоциклийн нэгдсэн “Power expo & festival” наадмыг анх 2012 онд “UB палас”-ын гадаах задгай талбайд “D20 drift show” нэртэйгээр зохион байгуулжээ. Түүнээс хойш нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр бүр зохион байгуулж, наадмын цар хүрээг улам өргөжүүлэн тэлж, хотын залуучуудад шинэ үеийн урбан төрлийн спортуудыг сурталчлан таниулах, хотын соёлыг түгээх, баг тамирчдыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсаар өнөөдрийг хүрч байна.
Энэхүү наадам нь Монголын зам тээврийн салбар үүсэж хөгжсөн 100 жилийн түүхэнд болж байгаагүй олон улсын хэмжээний анхны наадам бөгөөд Монгол залуучууд өөрсдөө гардан зохион байгуулж байна.
Сонирхуулахад, 2024 онд Монгол, БНХАУ, Япон гурван улсын дрифтийн баг тамирчид “Power expo & festival”-д оролцож, БНХАУ-ын баг тамирчид багаараа түрүүлэн наадмын “International drift cup” тэмцээний аварга улсаар шалгаран “Silver angel” цомын эзэд болж байсан юм.
Азийн авто салбарын одууд Монголд өнөө жилийн “Power expo & festival”-д оролцох гэж байна. Тодруулбал, АНУ-ын дрифтийн тамирчин, загвар өмсөгч Sara Choi, БНСУ-ын дрифтийн тамирчин, Азийн хэмжээнд сошиал инфлюсер болсон Si Hyun, дрифтийн аварга Sang hwa, Казахстаны дрифтийн аварга Гайрат Усупов, Антон Авдеев, Киргизстаны дрифтийн аварга Аскаров Калысбек Алмазбекович, Япон Улсын D1GP топ тамирчдын нэг Акинори Үцүми өөрийн автомашинтайгаа, Азийн сошиал инфлюсер, Японы дрифтийн тамирчин Kisa Awano, Yuri Momo зэрэг шилдэг ирж аваргын төлөө гараа хийх аж. Мөн өнгөрсөн жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны дрифтийн аваргаа авсан БНХАУ-ын баг тамирчид өргөн бүрэлдэхүүнээр автомашин техникүүдтэйгээ ирэх юм байна.
Түүнчлэн Монголын анхны MotoGP уралдааныг өнгөрсөн жил “Power expo & festival”-ийн зүгээс санаачлан зохион байгуулсан бол энэ жил анх удаагаа ОХУ-аас МotoGP уралдааны Сибирийн бүсийн аваргууд мотоциклуудаа авч ирэн оролцохоор уригдаад байна.