Улсын хэмжээнд түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд, залуучууд болон гэр бүлийн гишүүдийн хамтын оролцоог нэмэгдүүлэх, үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Музейн нээлттэй өдрүүд 2026” үйл ажиллагааг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулав.
Дээрх өдрүүдэд 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей байнгын үзүүллэгийн танхимаараа иргэд олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн юм. Тэдний нэг “Чингис хаан” үндэсний музейгээр нээлттэй өдрүүдээр 10454 үзэгч үйлчлүүлжээ. Үүнээс 4885 нь насанд хүрэгчид, 3464 нь хүүхэд, 1094 нь оюутан, 810 нь ахмад настай, 87 нь тусгай хэрэгцээт иргэн, 114 нь гадаад үзэгч байсан аж.
Тус музейн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж бүх насныханд зориулан хүссэн үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлэхийн сацуу “Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөр, номын сан, кофе шопоор үйлчилж, үзэгчдийн амрах, хүүхэдтэйгээ тоглох, саатуулах хэсгийг тусгайлан бэлдэж, музейгээс эрхлэн гаргаж буй ном, бүтээлүүдийн үзэсгэлэнг дэлгэж олон нийтэд дэлгэсэн байна.
Нээлттэй өдрүүдийн үеэр “Чингис хаан” хүндэтгэлийн өргөө, Алтан шүтээн хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээр ирэхдээ монгол үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндэтгэж гэр бүл, найз нөхдөөрөө монгол дээл хувцсаа өмсөн ирж, музейн дотоод журмыг мөрдсөнийг онцоллоо.











