Монгол, БНХАУ-ын орчин үеийн уран баримлын шилдэг төлөөллүүд нэг дор цуглаж, хоёр орны соёл урлагийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах “Сrossroads-A Meeting of Minds” үзэсгэлэнгийн нээлт өчигдөр /2026.09.15/ боллоо.
Монголын урчуудын эвлэл, Хятадын урлагийн бүтээл үйлдвэрлэлийн нэрт брэнд болох “Longyu Zaobanchu” (China Longyu Culture Communication Co., Ltd.) компанийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны шилдэг барималчид нэгдэн анхны үзэсгэлэнгээ дэлгэсэн нь энэ. Энэхүү үзэсгэлэнд Монголын 8, Хятадын 14 уран барималч өөрсдийн дахин давтагдашгүй соёл, түүх, арга барил болон орчин үеийн сэтгэлгээг тусгасан хүрэл, ган уран баримлуудыг олон нийтэд дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, хоёр орны шилдэг 22 уран барималчийн 22 шилмэл бүтээлийг дэлгэсэн гэсэн үг.
“Сrossroads-A Meeting of Minds”-аас дорнын болон нүүдэлчдийн гоо зүйн сэтгэлгээг орчин үеийн урлагийн хөгжилтэй хөл нийлүүлэн хэрхэн тодорхойлж байгааг харах боломжтой юм. Үзэсгэлэнд Монголоос урчуудын эвлэлийн шагналт, шилдэг уран барималч Р.Энхтайван болон МУЭ-ийн гишүүн Н.Оргил, Б.Лхагважав, Ж.Түвшинтөгс, Ж.Пүрэвсүрэн, Б.Ганбаатар, Ө.Бүрэнжаргал, О.Амар нар сонгон шалгаруулалт тэнцсэнээр бүтээлээ олон нийтэд дэлгэн үзүүлж байна. Харин БНХАУ-аас Хятадын урлагийн академи, Лу Шюний нэрэмжит Дүрслэх урлагийн академийн барималчид шилдэг бүтээлээ олны хүртээл болголоо.
“Сrossroads-A Meeting of Minds” үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл олны хүртээл болно.


