Монголын ард түмэнд нэг сайхан чанар бий. Тэр нь сэтгэлд нь хүрч, сайхан мэдрэмж төрүүлсэн аливаа зүйлийг зүгээр нэг сонирхоод орхих биш баяр хөөртэйгөөр өлгийдөн авч, бүүвэйлэн энхрийлж, цэцэглүүлэн өртөөлүүлж чаддагт оршино. Тэр дундаа дуугаа өөрсдөө зохиож, дуунаасаа ухаарал нэмж ирсэн гэгээн түүхтэй ард түмэн болоод ч тэр үү уянга дуундаа дэндүү хайртай.
Үе үеийн түүхийн шаргал салхийг үг бадаг, эгшиг нугалаа бүхэндээ шингээж байдаг ардын дууны үргэлжлэл болон дуулагдаж буй олон олон дууг ард түмэн минь сэтгэлдээ тосон авч бас шинэ сайхан бүтээлийг уран бүтээлчдээсээ хүлээн гэгэлзэж суудаг нь үнэн. Тэгвэл сүүлийн үед төрөн гарч байгаа шилдэг бүтээлүүдийн магнайд МУСТА Эрдэнэсүрэнгийн Төрмандахын дуулсан “Жаргалтай явна хоёулаа” хэмээх дуу зүй есоор өнгөлж явна гэдгийг ард түмнийхээ сэтгэлийн хандлагаас харж болохоор байна.
Уудам дэлгэр монгол орны эзэн заяаг түшиж яваа эгэл залуугийн нүнжигтэй, гэнэн цайлган сэтгэлийг харуулж дурсжүүлсэн уг бүтээл нь цацагдаж эхэлснээс хойших есөн сарын хугацаанд нэг сая илүү монгол түмэн нь YouTube хэмээх сайтаас үзэж сонсжээ. Өөрөөр хэлбэл нэг сая ард түмнийхээ сэтгэлийн ерөөлөөр хүрээлүүлжээ гэсэн үг. Цаашид ч энэ тоо улам хурдтай нэмэгдэх нь харагдаж байна.
Монгол ахуй орчинд монголынхоо ёс заншил, бахархалт уламжлалыг үнэрлэж өссөн, уншиж мэдсэн, сонсож дуулсан хэн бүхэн “Жаргалтай явна хоёулаа” дуугаа сэтгэлдээ бүүвэйлэн эгшиглүүлсээр байх нь дамжиггүй юм. Өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх өргөн цар хүрээтэй хоолойн чадлаараа түмэн олноосоо өндөр үнэлгээ авч буй эрхэм дуучин Э.Төрмандахдаа урлагийн өндөр өмжилт хүсч, аяны дөрөөг тань үгэн сүүгээр мялааж байна.
www.urlag.mn