Жирэмсэн болон төрсний дараах эхчүүдэд тулгардаг хамгийн том асуудал бол таргалалт, илүүдэл жингийн асуудал юм. Үүнийг жирэмсэн байх үедээ шийдвэрлэж болно.
Эмэгтэй хүн хэвлийдээ ураг олж 10 сар тээх хугацаандаа буюу жирэмсэн үедээ таргалах ёстой юу? Таргалах нь хэвийн үзэгдэл мөн үү гэсэн асуултанд АНУ-ын эмч нар олон жилийн судалгаа, шинжилгээ хийсний дүнд ийнхүү хариулж байна.
Жирэмсэн үеийн таргалалт гэж юу вэ? Ураг тээсэн эмэгтэй хүний жин байгалаасаа нэмэгдэх ёстой. Эмэгтэй хүний өөрийн жингээс гадна ургийн тээлтийн жин нэмэгдэнэ гэсэн үг. Энэ жинг мэдэхийн тулд таны эмч сар бүр зүй зохистой байх жинг тогтоож, хянаж өгнө. Харин жирэмслэлтийн саруудад байх ёстой биеийн жингээсээ хэт их байх, гар хөл, гуя өөхлөн таргалахыг жирэмсэн үеийн таргалалт гэнэ. Жирэмсэн үед хэт их таргалсан бол төрсний дараа хэвийн жиндээ эргэж ороход тун хэцүү байдаг. Мөн жирэмсэн үед буруу хооллосноос таргалахаас гадна төрсний дараа хэт огцом таргалах үзэгдэл ажиглагддаг.
Эмэгтэй хүн жирэмслэснээр өөрөөсөө гадна дахин нэг хүний өмнөөс хооллох хэрэг гардаг. Жирэмсэн эхэд илүү их уураг, олон төрлийн амин дэм, эрдэс бодис жишээлбэл фолийн хүчил, төмөр, калци шаардлагатай болдог төдийгүй эрч хүч, энергийг хангаж, сэлбэхийн тулд энгийн үеэс илүү их илчлэг – калори шаардлагатай болдог. Ингэлээ гээд нэг дор хоёр хүний хоолны порцоор хүссэн хоол хүнсийг идэх нь маш буруу. Их уураг, тэжээлтэй гэсэн бүрийг хамаа намаагүй идэж, ууж болохгүй бөгөөд энэ нь сөрөг муу талтай байх нь ч бий. Үүнээс үүдэн жирэмсэн үеийн болон төрсний дараах таргалалт, арьс язралт, хүүхэд гиадиз болон тархны даралт зэрэг аливаа өвчин, эмгэгтэй төрөх, төрөх үеийн хүндрэл зэрэг олон асуудлууд урган гардаг.
Үүнээс сэргийлэхийн тулд эмчийнхээ заавар зөвлөгөөнөөс гадна олон улсад зөвшөөрөгдөөд байгаа жирэмсэн үеийн дэглэм, зөв хооллолтыг ягштал мөрдөхөд л хангалттай бөгөөд бүсгүй та бяцхан үрээ тээж төрүүлэхдээ таргалалтаас айх хэрэггүй болно.
Жирэмсэн үед илүү их уураг, тэжээлийг бие мах бод цаанаасаа л шаарддаг. Тэглээ гээд энгийн үед иддэг хоолныхоо порцыг нэмж идэх, эсвэл би л нэг жирэмсэн, бие давхар хүн гэж хүссэн болгоноо иддэг зуршил хамгийн буруу. Тэжээл ихтэй хоол ид гэснээс биш их ид гэсэн үг биш гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Үүний оронд энгийн үед иддэг хоол, хүнсэндээрээ зохимжтой каллори, амин дэм, тэжээлийг нэмж идэхэд л хангалттай.
Жишээ нь жирэмслээгүй, эрүүл чийрэг эмэгтэй хүн 19-30 насны хооронд бол өдөрт 2400-2600 кл калори шаардлагай, 31-ээс дээш настай бол 2200-2400кл калори шаардлагатай байдаг байна. Харин жирэмсэлсний эхний 3 сард өдөр тутам авах ёстой калори дээрээ нэмж 150-200кл калори авах ёстой, хоёрдугаар 3 сар буюу 4,5,6 сартайдаа өдөрт 300кл калори, харин 7,8,9 сартайдаа 450кл калори авах ёстой аж. Эдгээр нэмэлт калорыг илчлэг, тэжээл ихтэй эрүүл хоол хүнсээр зөв хооллож авснаар та өөртөө болон хүүхэддээ шаардлагатай тэжээлийг зүй зохистой хувиарлаж өгснөөр илүүдэл жин, таргалалт элдэв өвчлөлтгүйгээр амаржих бүрэн боломжтой.
Ингэхийн тулд дээрх зөвлөгөөн дээр үндэслэн өөрийн биеийн жингээс хамаарч, эмчтэйгээ ярилцсаны дүнд өдөрт авах калорын хэмжээгээ тогтоож зөв хооллож эхлээрэй.
Жирэмсэн үед жин нэмэхээс сэргийлэх хоол хүнс:
Шарсан, хуурсан, хайрсан, өөх тос ихтэй хурц, олон төрлийн амтлагчтай хоолноос татгалзах хэрэгтэй.
Мэдээж тамхи, алкохолны төрлийн зүйл хэрэглэхээс бүрэн татгалзах
Шарсан төмс, чипс, попкорн идвэл эх, хүүхэд хоёрын алинд ч жинхэнэ уураг, тэжээл болж чадахгүй.
Хийжүүлсэн ундаа эхийн биеийг цэрийлгэж, хавагнуулах ялангуяа ургийн ясны хөгжлийг сийрэгжүүлэх аюултай.
Даршилсан жимс, ногоо, лаазалсан хүнс, махнаас болгоомжлоорой.
Байгалийн бус үйлдвэрийн аргаар хийсэн чихэрлэг жимсний шүүс, ундаа, зайрмаг, чихэрний төрлийн хүнс их хэрэглэвэл эх хүүхдийн цусан дах сахарын хэмжээ ихэсч, эх төрсний дараа, хөхүүл үедээ таргалах, хэвийн жиндээ эргэж орж чадахгүй байх, хүүхэд чихрийн шижингээр өвчлөх магадлал өндөр болдог.
Орчин үеийн жирэмсэн эхчүүдийн таргалалтын үндсэн шалтгааны нэг бол түргэн хоол, захиалгын хоолууд гэдгийг эмч, эрдэмтэд онцлож байна. Хачиртай талх – бургер, хотдог, зайдас, шарсан тахиа, гахайн мах, пицца, шарсан төмс зэрэг нь урагт ямар ч шим тэжээл болж очихгүй атлаа эхийг таргалуулж, цусны эргэлтийг удаашруулж, нэг ёсний зүгээр л хөөлгөж орхидог байна. Тиймээс жирэмсэн үедээ түргэн хоол, захиалгын хоолноос аль болох татгалзаарай.
Мөн төрсний дараа хөхөнд сүү сайн оруулдаг гэсэн буруу ойлголтоос үүдэн цагаан гурил, дээд болон нэг дүгээр гурил, гурилан бүтээгдэхүүн, талх, нарийн боов их хэрэглэдэг нь хамгийн буруу ажээ. Дээд зэргээр боловсруулсан цагаан гурил, будаа нь цардуул, цавуулаг ихтэй учраас уураг, тэжээл болохын оронд эхийн биеийг зүгээр л хөөлгөж орхидог. Энэ нь таргалалтын үндсэн шалтгаан болох нь бий.
Харин үүнийг зохицуулах хамгийн энгийн хүнс бол бүхэл үр тариан бүтээгдэхүүн буюу арвай буудайн гурил, бор гурил, хөц будаа, гурвалжин будаа, овьёос, амуу тариа зэргийг хүнсэндээ өргөн хэрэглэж заншсанаар эх болон хүүхдэд шаардлагатай уураг тэжээлийг шууд биенд хүлээн авдаг байна. Эдгээр хүнс нь илүүдэл жин үүсгэх ямар ч нөлөөгүй. Харин ч цус цэвэрлэх, хоол боловсруулах тогтолцоог сайжруулж ураг болон эхэд шаардлагатай эрдэс бодисыг түгээж, хүүхдийн өсөлт, оюун ухааны хөгжилд нэн сайн байдаг байна.
Махан хэрэглээний хувьд түүхий болон дутуу болгосон бүх төрлийн мах, хиам, зайдас, махан бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Энэ нь халдвар авах хамгийн эрсдэлтэй нөхцөл болдог. Мах гэлтгүй түүхий, дутуу боловсорсон цагаан идээ, сүү – сүүн бүтээгдэхүүн, жимс ногооноос татгалзаж бүрэн чанаж боловсруулж идэх хэрэгтэй.
Жирэмсэн үеийн таргалах бас нэгэн чухал шалтгаан бол эхийн сэтгэл санааны байдал тайван бус байдал аж.
Үргэлж эмзэглэж, уурлаж, бухимддаг бол ургийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд сөргөөс гадна биед орсон уураг тэжээл нь сэтгэл санааны байдлаас хамаарч зүй зохистой хувиарлагдаж чадахгүй илүүдэл калори – жин болон хувирдаг байна.
Бүсгүй та жирэмсэн үедээ таргалахгүйн тулд дээрх ерөнхий зөвлөгөөг дагаж хооллохоос гадна өдөр тутмын хүнсэндээ химийн хольцгүй үйлдвэрлэсэн байгалийн органик гаралтай хүнс – эрүүл, шинэхэн хүнсний ногоо /үүнд майлз, өргөст хэмх, лууван, байцаа, брокколи, ногоон сонгино, чинжүү, салат навч, бууцай гэх мэт/, жимс жимсгэнэ /үүнд байгалиар нь бордсон хүчиллэггүй жимс орно/, бүхэл үрийн гурил, будаа, шинэхэн хонь, үхэр, тахиан махыг бүрэн боловсруулж хоол хүнс хийж идэхээс гадна нэмэлт тэжээл, амин дэм, эрдэс бодисыг хэрэглээрэй.