Яг л Франц улсад очсон мэт сэтгэгдэл төрөх аж. Зуун долларын өртөг бүхий дарс, Франц маягын хоолтой хоршин ширээ чимэн байрлажээ. Ирсэн зочид ч өндөр өртөг бүхий дарстай ширээнээс холдсонгүй.
Дуучин Оюундарь Франц улсын нэрийн хуудас болсон гэхэд хилсдэхгүй хэд хэдэн бүтээлээр ирсэн зочдын сонорыг мялааж, төгөлдөр хуурын зөөлөн аялгуу Франц дарсны амттай сүлэлдэн ирсэн зочдод чамгүй сэтгэлийн таашаал бэлэглэсэн. Зураачдын бүтээлийг ажиглаж байхад төсөөллийн Франц улсаа өөр өөрсдийнхөөрөө дүрсэлсэн байв. Тэр нь ч бүтээл бүрийг илүү амь оруулсан гэвэл хилсдэхгүй. Уран зургийн хорхойтнуудын хувьд ч өндөр сэтгэгдэл төрүүлж байгаа нь нүдэнд илт.
Эргэн тойрон Эйфелийн цамхаг, хурц тод өнгөөр илэрхийлсэн Франц улсын дүрслэл дүүрэн аж. Франц, Монголын хооронд соёлын харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан “Color of French”нэртэй үзэсгэлэн аравдугаар сарын 9-нд “Blue moon”арт галерейд болж өнгөрлөө.
Эл үзэсгэлэнд улс төр, урлаг соёлын томоохон төлөөлөгчид оролцсон бөгөөд уран зураг сонирхогчид нилээд зочилсон юм. “Color of French” үзэсгэлэнд 30 гаруй мэргэжлийн уран бүтээлчид өөрсдийн бүтээлээрээ оролцсон билээ. Үзэсгэлэнд оролцсон бүтээлүүдээс гурван бүтээлийг сонгон шалгаруулж шилдгийн шилдэг нэг бүтээлийн эзнийг Франц улсад дөрөв хоногийн турш үнэгүй аялах, таван одтой зочид буудалдүнэгүй байрлах гэх мэт томоохон шагналаар шагнасан юм.
Шагналын эздээр…Нэгдүгээр байранд Ц.Эрдэнэцог зураач өөрийн “Үзэгдэл” бүтээлээр тэргүүн байрны эзнээр тодорч Франц улсыг үнэ төлбөргүй зорихоор болсон бол дэд байранд Э.Гансүх зураач өөрийн “Mont Blank” бүтээлээр удаалсан юм. Харин гуравдугаар байранд Д.Пүрэв зураач “Парисийн тэнгэр” бүтээлээрээ гуравдугаар байранд шалгарсан билээ.
Ингээд нээлтийн үеэр бид зохион байгуулагчид болон уран бүтээлчидтэй товч ярилцсанаа уншигчиддаа хүргье.
Дэд байрны шагналт уран бүтээлч Э.Гансүх: “Иймэрхүү олон нийтийн үзэсгэлэнд бүтээл өгөхдөө эсрэг, бусдынхаас өөр зүйл хийж байж л бүтээл маань онцлог харагдана”
-“Color of French” үзэсгэлэнгийн хамгийн том нээлт таны хувьд юу байсан бэ?
-“Color of French” үзэсгэлэн уран бүтээлчдийн хувьд нэг том нээлтийг авчирлаа. Бид зарим нь үзээгүй, үзсэн орон зайн дүрслэл их хөндөгдсөн байлаа. Миний хувьд очиж үзсэн хүмүүсээс илүү Франц гэдэг улсыг үзээгүй хүмүүсийн бүтээл их хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн. Яагаад гэвэл уран бүтээлчид маань ямар нэгэн зүйлд хайрцаглагдаж, баригдалгүй өөрсдийнхөө төсөөллийн Францыг бүтээлдээ бий болгосон байсан юм.
-Та ямар бүтээлээрээ“Color of French” үзэсгэлэнгийн дэд байрны шагналын эзэн болсон бэ?
– Би Франц явж үзээгүй. Ер нь хүн бүр энэ үзэсгэлэнд Францын Эйфелийн цамхагийн дүрслэлийг бүтээлдээ оруулах байх гэж бодсон. Иймэрхүү олон нийтийн үзэсгэлэнд бүтээл өгөхдөө эсрэг зүйл, бусдынхаас өөр зүйл хийж байж л бүтээл маань онцлог харагдана. Магадгүй жижиг нууц задлаж байж ч болох юм. /Инээв/. Мэдээж Эйфел гэдэг зүйлийг өөр өөрсдийнхөөрөө бүтээлдээ тусгах ч гэсэн давхцсан санаа шүү дээ. Давхцсансанаа гэдэг бол өөрөө их уйтгартай зүйл. Тийм ч учраас Эйфелийн дүрслэлийг бага харуулсан бүтээлүүд тодорч харагдсан болов уу.
-Өөрөөр хэлбэл та бусдын хийсэн санаанаас татгалзсан гэж ойлгож болох уу?
-Миний хувьд хүний хийсэн зүйлийг дахиж бүтээх дургүй. Эйфел бол хүний хийсэн бүтээл, хувцас хийдэг хүний хувцасыг зурвал тэр нь хувцас бүтээсэн хүний л бүтээл болно. Тийм ч учраас хүний хийсэн зүйлсээс аль болох зугтаахыг хичээсэн. Мэдээж нилээд их судалгаа хийх шаардлага гарсан шүү. Нилээд олон уул, нууруудыг судалж байгаад Францын хамгийн өндөр “Mont Blank” уулыг зурахаар болсон.
-Уг үзэсгэлэн уран бүтээлчдэд боломж болох болов уу?
Маш том боломж шүү дээ. Гэхдээ миний бодлоор уг нь хоёр, гуравдугаар байр гэж байх шаардлаггүй гэж бодож байгаа. Байвал нэг бай, байхгүй бол байхгүй шүү дээ. Нэгдүгээр байрны юу нь илүү сонирхол татсан бэ гэхээр Франц руу өөрөөсөө нэг ч төгрөг гаргахгүйгээр аялах, таван одтой зочид буудалд байрлах, дөрвөн өдөр үнэгүй аялах эрх өгсөн явдал болсон. Энэ зүйлээс илүү боломж гэж юу байх вэ дээ. Эргээд ирэхдээ уран бүтээлийн маш олон санааг аваад л ирнэ. Энэ бол зураач хүнд маш том боломж олгодог.
-Үзэсгэлэнгэ үзсэн үзэгчийн байр суурьнаас харахад давуу болон сул тал гэж хэлвэл..?
-Давуу тал нь энэ үзэсгэлэн маань жил бүр уламжлал болон зохион байгуулагдах явдал. Магадгүй энэ үзэсгэлэн Францад гардаг болохыг үгүйсгэхгүй. Нөгөө талаараа уран зургийнхан их оролцож. Манай улсын уран зураач нар их ажиллаж байгаа юм шиг харагдаж байна. Гэхдээ баримал, сийлбэр, ардын урлалынхан, Монгол зургийнхан гэх мэт маш олон төрлийн уран бүтээлчид оролцоогүй байна л даа. Тийм их залхуу байна гэж байхгүй байлтай. Хамгийн гол нь эдгээр хүмүүс ороогүй байна гэдэг бол хийгээгүй байна л гэсэн үг шүү дээ. Бусад өөртэйгээ адил уран бүтээлчдийн хувьд жаахан харамсмаар санагдаж байна.
“Color of French” үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч “Blue moon”арт галерейн захирал Э.Тэмүгэ: “Бидний хувьд нэр хүндийн хэрэг байлаа..”.
Үзэсгэлэнгийн үеэр “Blue moon”арт галерей Франц хэв маягаар амьсгаллаа. Тэр дундаа Франц улсаас ирсэн дарс их сонирхол татлаа. Энэ дарс нэг ширхэг нь 100 долларын өртөгтэй байсан гэж үнэн үү?
Үзэсгэлэнгийн үеэр Франц орны тухай өгүүлэх зургуудаас гадна хоол, дарсны хувьд ч мөн Франц гэх тодотголыг агуулахыг зорьсон. Тийм ч учраас дуучин Оюундарийг дуулуулж, Францын алдартай хөгжмийн аязыг төгөлдөр хууртай амьдруулсан байгаа.
Монгол зураач, уран бүтээлчдийн хувьд “Color of French” үзэсгэлэн зохион байгуулахын ашиг юу байв?
Ер нь галерей гэдэг бол зөвхөн уран бүтээлчидтэй хамтарч ажиллахаас гадна нийгэм рүү тэр дундаа хүний оюунд хандаж ажилладаг гэдгээрээ онцлогтой. Энэ нь галерейн үнэ цэнэ, үр дүнг агуулдаг юм шүү дээ. Франц орон бол урлагийн өлгий нутаг гэгддэг. Франц улс руу явахыг хүсдэггүй уран бүтээлч байхгүй гэвэл буруудахгүй болов уу. Энэ оронд амьдрах нь гол биш шүү дээ. Зөвхөн энэ орны олон зуун жил өвлөгдөж ирсэн агуу их соёлыг уран бүтээлч хүн бүр мэдрэх нь чухал. Тэр ч утгаараа уран бүтээлчдэд боломж олгож байгаа юм.
Үзэсгэлэнгийн гол зорилго нь юу байсан бэ?
Зорилго нь Монгол, Франц улсын хооронд соёлын харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж, уран бүтээлчиддээ илүү өргөн боломжийг нээсэн гэж ойлгож болно. Францын алдартай дэлгүүр болох “Gallery Lafayette”-ын хамт олны зүгээс санаачлан “Blue moon”арт галерейтэй хамтран ажилласан нь бидний хувьд нэр хүндийн хэрэг байлаа. Уг арга хэмжээг маань Монгол, Францын зүгээс хамтарч ажилласан чамгүй олон байгууллагууд бий.Товч дурьдвал: Rail Europe, “Gallery Lafayette”-ын европи, төв азийг төлөөлсөн захирал, Монгол дахь Францын соёлын төв, “New juulchin tour”компани, “Говь” компани зэрэг олон томоохон байгууллагуудын хамтын ажиллагаагаар үзэсгэлэн маань амжилттай болж өнгөрлөө.
Жил бүр “Color of French” үзэсгэлэн уран зураг сонирхогчдын хүртээл болохоор болсон. Шагналын сан хүмүүсийн анхаарлыг нилээд татаж байсан. Та энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юу?
Шилдэг, дэд болон гуравдугаар байрны шагналын эздийг тодруулсан байгаа. Шилдгийн шилдэг уран бүтээлчийн маань шагнал илүү сонирхолтой. “Нью жуулчин тур” компаний зүгээс Франц улс руу зорчих хоёр талын тасалбарыг өгсөн. “Rail Europe”-ынхамтолонмаань дөрвөн өдрийн туршид Францын аль ч газар руу метрогоор үнэгүй аялах эрхийг олгож байгаа. Мөн шилдэг бүтээлийн эзэн маань “Fouquet's barriere” гэх Францын таван одтой зочид буудалд үнэгүй байрлах эрхийн эзэн болсон.
www.urlag.mn