“Шөнө дунд аль эсвэл өдрийн цагаар түр зүүрмэглэх зуур гэнэт сэрж, ойр хавийн чимээ сонсогдох боловч, өөрийгөө яаж ч хүчилсэн биеэ хөдөлгөж чадахгүй байх бөгөөд хамаг хүчээрээ хоолойгоо шавхсан ч дуу гарахгүй, яг л үхэл ирж байгаа мэт мэдрэгдэж эцэст нь арай хийж ухаан орох үед босоод хартал хамаг биенээс хүйт оргиж, хөлс гарсан байх” тийм үе таньд тохиолдож байсан уу?
Хэрэв тийм бол та түр наашаагаа анхаарлаа хандуулж, учрыг нь олохыг хичээгээрэй.
Дэлхий дээр ийм тохиолдолд өртөж байсан хүн олон байдаг гэнэ шүү. Тэр дундаа Ази болон Африкийн хүмүүст цагаан арьстан буюу Европ, Америкчуудаас илүү хувиар тохиолдож байдаг юм байна. Мэдээж хэрэг тэр дундаа Япон улсад сурч, амьдарч байгаа бидний хувьд ийм зүйлтэй учрах нь байнгын үзэгдэл гэж хэлдэг хүн ч цөөнгүй байдаг мэт санагдсан.
Энэхүү үзэгдлийг дэлхий нийтэд маш олон талаас тайлбарладаг бол Монголчууд “Хар дарах, Сүнсэнд даруулах” гэх мэтээр хэлдэг байна. Харин шинжлэх ухааны үг хэллэгээр үүнийг “Sleep paralysis” буюу нойрны саажилт гэж нэрлэдэг байна. Энэ нь та бүхний мэдэх нойрны REM-stage(гаднаас харахад унтаж байгаа мэт боловч тархи ажиллагаатай байх үе)-ийн үед илрэх бөгөөд энэ үед хүний амьсгалах эрхтэн болон нүдний эргэн тойрноос бусад бүх булчин доод тэлэлтийн байдалд ордог байна. Тийм ч учир энэ үед өөрийгөө сэрүүн байна гэдгийг мэдэж байдаг ч биеэ удирдаж чаддаггүй бөгөөд хүний тархи хэвийн ажиллаж байдаг учир айдсыг мэдэрч, үүгээр хий юм харж эхэлдэг байна. Үүнээс санаа авч зарим телевизийн нэвтрүүлэг болон аймшгийн кинонууд бичигдсэн гэнэ дээ.
Нэгэн сонирхолтой баримтаас дурдвал Харвардын их сургуулийн эрдэмтэн, профессор Richard McNally өөрийн судалгаагаар “Харь гаригийнханд барьцаалагдаж байсан” хэмээн өгүүлсэн 10 хүнийг хамруулахад бүгд “нойрны саажилт”-ын шинжтэй байсан байна.
Мөн 15-аас 30 орчим насныханд энэ үзэгдэл элбэг тохиолддог бөгөөд тэр дундаа өсвөр насныхан, оюутан сурагчдад ихэвчилэн илэрдэг гэсэн судалгааны баримт байдаг байна. Эдгээр насны хүмүүсийн нийтлэг чанар гэвэл өдөр тутмын амьдралын хэв маягаа алдсан, шөнийн амьдралтай, нойр дутсан эсвэл их нойртой, мөн хэт ядаргаанд орсон байх магадлал ихтэй байдаг гэнэ. Эдгээр нь бүгд “sleep paralysis”-ийн үзэгдэлд автахад шууд нөлөөлдөг бөгөөд бас нэгэн өөр томоохон хүчин зүйл нь буруу унтах хэв маяг буюу цээжин дээрээ хоёр гараа дарж унтах эсвэл хэт өндөр дэр хэрэглэх, зузаан юм нөмөрч унтах зэрэгтэй холбоотой байдаг байна.
Иймээс энэхүү “нойрны саажилт” таньтай тохиолдсон үед дараах арга хэмжээ авснаар хэвийн үзэгдэлд хурдан буцаж орох магадлалтай юм. Үүнд:
Нүдний хараагаа баруун, зүүн, дээш, доош тойруулан эргүүлэх
Нүдээ нээж, хаах
Уруулын эргэн тойрон дахь булчингаа тэлэх
Хэл болон дух, эрүүний хэсгээ аль болох түргэн хөдөлгөх
Хамгийн түрүүнд хүзүүгээ хурдан хөдөлгөх
Дараа нь мөр, гар, гарын хуруу, хөл гэсэн дараалалтайгаар булчингаа хөдөлгөж, сулласнаар таныг хамгийн хурдан хугацаанд, хэвийн байдалд оруулдаг байна.
Харин “сүнсэнд даруулмааргүй” байгаа хүмүүст хандаж хэлэхэд аль болох өдөрт тогтмол цагаар унтаж, сэтгэл санааны хямралаас өөрийгөө гаргах аргыг эзэмшихийн зэрэгцээ унтахаас өмнө хоол идэхээс сэргийлээрэй. Мөн гадуур алхах болон унтахаас өмнө хэт их толгой ажиллуулсан зүйл хийхгүй байхыг зөвлөж байна.
Эцэст нь хэлэхэд дээрх зүйлс бүгд эрдэмтэн, мэргэдийн судалгаагаар батлагдсан тул өөрт чинь ийм зүйл тохиолдоход эрүүл ухаанаар тунгаан бодож, сэтгэл санаагаар унаж, амьдралын хэв маягаа алдахаас болгоомжлоорой.
Мөн энэ нь хүний эрүүд мэндэд ямар ч хор нөлөөгүй хэвийн үзэгдэл гэж хэлж болох ч хэт олон давтамжтай тохиолдсон үед мэргэжлийн эмчид хандах нь бас чухал шүү.