Эзэнт гүрний хил орчим өөрийн нутаг дэвсгэр дээр амьдрах уугуул иргэдийг “Зэрлэгүүд” гэж нэрлэх ба тэд алдагдсан газар нутгаа авахаар довтлох гэж байна гэсэн цуу ярианаас үүдэн, хурандаа Жоллигоор удирдуулсан Эзэнт Гүрний цэргүүд хилийн зурваст ирнэ… Чухамдаа жинхэнэ ЗЭРЛЭГҮҮД нь хэн байв?
“ХОЛЛИВУДАД ГАРГАСАН ЗАМ МӨРӨӨР НЬ ОЛОН УРАН БҮТЭЭЛЧ ЯВАХ БОЛТУГАЙ"
"Зэрлэгүүдийг хүлээхүй" киноны Монгол дахь нээлтийн ёслол “Зайсан хилл” цогцолборын “Prime Cineplex” кинотеатрт “Холливудад гаргасан зам мөрөөр нь олон уран бүтээлч явах болтугай” гэсэн сайхан ерөөлтэй эхлэв.
Энэхүү киноны албан ёсны эрхийг “Black Stallion” продакшн авч, монголчууддаа толилуулж буй юм. Тус продакшныг үүсгэн байгуулсан жүжигчин Б.Ганчимэг, түүний ах продюсер Б.Гантулга, найруулагч Б.Гарамханд нар энэхүү кинонд монгол хэлийг санал болгож батлуулснаар монгол жүжигчид маань эх хэлээрээ, харин Оскарын шагналт жүжигчин монголоор ярихыг сонсох боломж тохиожээ.
Өмнөд Африкийн зохиолч Жон Максвелл Кутсигийн Нобелийн шагналт “Зэрлэгүүдийг хүлээхүй” романаар бүтээсэн энэхүү кинонд Холливудын алдарт жүжигчин Жонни Депп, Роберт Паттинсон, Оскарын шагналт жүжигчин Марк Райланс нартай хамтран тоглосон жүжигчин, модель Б.Ганчимэг гол дүрийн уугуул эмэгтэйн дүрийг бүтээхийн зэрэгцээ монгол жүжигчдээ мөн уг бүтээлд тоглуулах гүүр болжээ. Тодруулбал, Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Д.Гүрсэд, залуу жүжигчин Г.Дөлгөөн-Эрдэнэ болон Монголын хэд хэдэн уран бүтээлчид "Зэрлэгүүдийг хүлээхүй" киононы туслах дүрүүдэд ажилласан байна.
Ардын жүжигчин П.Цэрэндагва киноны нээлтийн үеэр “Д.Гүрсэд бид хоёр харьж яваа насандаа юм үзэж, нүд нээх хувьтай улсууд юм байна гэж бодож, сэтгэл өег байна. Б.Ганчимэг энэ кинонд өөрөө л тоглож болох байсан. Гэтэл монгол хүний хатан ухаан гаргаж, өөрийн орныхоо хүмүүсийг энэ төсөлд хамруулсанд баярлахгүй байхын арга алга” хэмээн хэлэв. Тэрбээр киноны уугуул морьтонд тогложээ.
МУГЖ Д.Гүрсэд “Киноны тодорхой зохиол ирээгүй. Ерөнхий үйл явдлыг хураангуйлан бичсэн юм ирсэн. Б.Гантулга надад танилцуулгаа англи хэлээр явуулаач гэлээ. Монгол гэрт зогсож байгаад би “Намайг тэр гэдэг. Би Монголын жүжигчин” гэж өөрийн дуу хоолойгоор бичээд явуулахад надад “Таныг энэ уран бүтээлд урьж байна” гэсэн хариу ирсэн. Тэнд очоод, уулзаад учраад, зохиолтойгоо танилцахад киноны үйл ажиллагаа манайтай адил байсан учраас би сандраагүй. Хамгийн гол нь үзүүлэн тоглох биш үнэн сэтгэлээсээ дотроосоо тоглох гэдгийг харуулахыг хүссэн” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан юм. Мөн тэрбээр тус кинонд хэлмэгдсэн уугуул өвгөний дүр бүтээсэн байна.
Африкийн Марокко улсад зураг авалт хийсэн уг бүтээлийн үйл явдал нэгэн эзэнт гүрний хил орчимд орших хотод болж буй үйл явдлаар эхэлдэг. Элдэв гэмт хэрэг гардаггүй амар тайван энэ хотод хурандаа (Жонни Депп) Жолл болон түүний цэрэг шалгалт хийхээр ирнэ. Хил орчимд амьдардаг нутгийн уугуул нүүдэлчдийг “Зэрлэгүүд” хэмээн нэрлэх ба тэднийг тун удахгүй хот руу довтлох гэж байна гэсэн цуу яриа дэгдсэнээр хурандаа ийнхүү морилжээ. Хотын захирагч хурандаад ямар нэг бослого болохгүй гэдгийг хэлдэг ч Жолл урьдчилсан арга хэмжээ авах нэрийдлээр нүүдэлчдийг хотод авчирч тамлан зовооно…