Наадмын дараа намар гэдэг. Төр түмний их баяр наадмын дараа монголчууд зуслангаа бараадаж, агаар салхинд гарч, их хотын чимээ шуугианаас түр ч атугай холдон, алжаалаа тайлцгаадаг билээ. Энэ үеэр урлагийнхан ч мөн амарцгааж, урлаг соёлын арга хэмжээнүүд цөөрдөг. Тэдний ихэнх нь хилийн дээс алхаж, зарим нь төрсөн нутгаа эргэж, байгалийн сайхнаар бие, сэтгэлээ цэнэглээд, намар нь ажилдаа орохоор их хотдоо буцаж ирдэг.
Тэгвэл энэ зун тэдний ихэнх нь эх орондоо байж, намрын тоглолтуудынхаа нээлтэд бэлтгэх аж. Рок попын хамтлаг, дуучдын хувьд энэ жил ерөнхийдөө амралтын байдалтай байгаа ч гар хумхин зүгээр суухгүй аж. Тэд зуны туршид тоглолт хийхгүй боловч шинэ уран бүтээл хийх, хуучнаа дүрсжүүлэх гээд чамлахааргүй ажилтай байгаа.
Амьд хөгжмийн залуу хамтлаг, дуучид ирэх сарын дөрвөнд эхлэх Playtime наадамд бэлтгээд одоогоор тун ч завгүй. Хоёр өдөр үргэлжлэх уг наадмын шилдгээр шалгарсан гурван хамтлаг амьд хөгжмийн олон улсын тэмцээнүүдэд оролцохоор бэлтгэлээ үргэлжлүүлнэ.
Тэгвэл рок попын загалмайлсан эцэг гэгддэг “Харанга” хамтлагийнхан энэ зун ерөнхийдөө амарч байна. Чука хөгжмөө бичиж, Ц.Энхманлай бөөгийн дуудлагаа хийж, Лхагваа шүлэг бичингээ, залуу амрагтайгаа зугаалан, зуныг зугаатай өнгөрөөх бололтой.
Харин тэдний хамгийн хүчтэй өрсөлдөгч, рок попын анхдагчдын нэг “Хурд” хамтлагийнхан энэ зун тун ч завгүй байна. Тэд Монгол орны 21 аймгаар аялан тоглолт хийж, орон нутгийн үзэгчдээ үнэ төлбөргүй ая дуугаараа баясгаж яваа.
“Хар сарнай” хамтлагийн ахлагч Амараа, дуучин Дээгий нар “Харанга”-ын Лхагваатай хамтран гаргасан цомгийнхоо нээлтийг хүлээж сууна. Тэд цомгийн нээлтээ хэзээ хийх нь оновчтой талаар хэлэлцэж байгаа ч хугацаагаа товлоогүй байгаа гэнэ.
Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа уран бүтээлээсээ хөндийрч, гэрийн эзэгтэйн үүргийг сайн гүйцэтгэж байгаа бол зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяа ирэх намраас Европын орнуудаар аялан тоглолт хийхээр бэлтгэлээ базааж буй аж.
Баяр наадмын өмнө Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цол хүртсэн дуучин Ж.Алтанцэцэг хүүхдэд зориулсан сувиллын газраа намар гэхэд барьж дуусгахаар завгүй гүйж явна.
Энэ мэтчилэн рок попынхны ихэнх нь амралтынхаа үеэр шинэ уран бүтээл туурвиж, намраас үзэгч олондоо өргөн барихаар бэлтгэж буй сурагтай.
Хошин урлагийн “Х түц” хамтлаг сүүлийн гурван жил дараалан кино урлагт хүч үзсэн. Тэд энэ жил дэлгэцийн уран бүтээл хийхгүй байхаар шийджээ. Тиймээс энэ сарын 20 хүртэл амрах аж. Хамтлагийн акулууд болох Г.Онон, Аглуу хоёр хөдөөгийн сайханд гэр бүлийн амарч байгаа бол МУГЖ И.Одончимэг нөхөр, хүүхдийнхээ хамт зусландаа гарчээ. “Х түц”-ийнхэн энэ намрын анхны тоглолтоо наймдугаар сарын 15-нд үзэгчдэдээ өргөн барина.
“Маск” продакшны жүжигчид хилийн чанадыг зорьжээ. Тэд гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууддаа тоглолтоо өргөн барьж явахдаа амарч цэнгэхээ ч хослуулах бололтой.
“Шинэ үе” продакшны хамт олон энэ зун дэлгэцийн уран бүтээл хийхгүй хэмээн мэдэгдсэн. Гэвч ойрын эх сурвалж тэднийг энэ сарын сүүлчээр кино зураг авалтаа эхэлнэ хэмээлээ. Жүжигчин Г.Ундармаа гэр бүлийнхээ хамт гадаадад амарч байгаа бол Бооёо гэргий, хүүхдүүдээ дагуулан хөдөөг зорьсон байна. Тэд ирэх сарын сүүлчээр шинэ тоглолтоо үзэгчдэдээ толилуулна.
Монголын урлагийн нэгэн том гэр бүл болох Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид наадмын дараа амралтаа авчээ.
Монгол Улсын гавьяат жүжигчин С.Сарантуяа, Ц.Оюундарь, Б.Жаргалсайхан, залуу жүжигчин Ц.Цэрэнболд, А.Ганчимэг нар амралтаараа дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээж байгаа. Улсын драмын эрдмийн театрынхан наймдугаар сарын дундуур ажилдаа орж, ирэх намар тавигдах “Гамлет”, “Эсрэг дурлал” зэрэг жүжгийн бэлтгэлд орно.
Тэднийхтэй хаяа холбон оршдог Хүүхэлдэйн театрынхан баяр наадмаар багачууддаа зориулан дөрвөн ч жүжиг тавьж, нэлээд ачаалалтай ажилласан. Тэд ч мөн наадмын дараа амралтаа авсан бөгөөд ирэх сарын 15-нд ажилдаа орох аж. Хүүхэлдэйн театрынхан энэ намар цоо шинэ уран бүтээлээрээ бяцхан үзэгчдээ баярлуулахаар төлөвлөж байгаа юм билээ.
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрынхан есдүгээр сарын нэгэнд ажилдаа орох бөгөөд яг нэг сарын дараа анхны тоглолтоо үзэгчдэдээ сонирхуулна. Сонгодог урлагийнхны ихэнх нь зуны амралтаа гадаадад өнгөрүүлэхээр хилийн чанадыг зорьжээ. Ийнхүү урлагийнхан ерөнхийдөө эзгүй байна.
Харин зуны дэлгэр цагт манай оронд жуулчид олноороо ирдэг учир ардын урлагийнхны хувьд хийх ажил ихтэй болдог. Энэ ч утгаараа Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгынхан зуны туршид “Дэлхийд гайхагдсан монгол урлаг”, “Монгол урлагийн гайхамшиг” зэрэг тоглолтоо толилуулна.
Энэ жил Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байгаа. Энэхүү ойг тохиолдуулан ирэх сарын 25-нд “Рок поп оддын их хуралдай”-г зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг тоглолтод үндэсний их найрал хөгжим, Төрийн соёрхолт Д.Болд, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Т.Ариунаа, Д.Жаргалсайхан, Ж.Алтанцэцэг, хийлч Ч.Дэлгэрцэцэг, “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун болон “Харанга”-ын Лхагваа тэргүүтэй одод оролцох аж.
Эх сурвалж: "Өглөөний сонин"