Нэгэн үеийн залуус хошин урлагийн нэрт төлөөлөгч СТА Т.Латиф агсны “Болзоо” хэмээх дууг нь андахгүй биз.
…“Борхон зүрх минь түг түг хийнэ
Бугуйн цаг минь чаг чаг хийнэ..” хэмээн тухайн үед болзоонд зогсож буй залуус бүгд л амандаа аялдаг байсан байх.
Тиймээ, хэн нэгэнд дурлачихаад болзоонд урьж хүлээн зогсохдоо хүн бүрийн борхон зүрх түг түг хэмээж, бугуйн цаг нь чаг чаг хийдэг нь мэдээж.
Монголын цирк, кино, хошин урлагт Т.Латиф агсны оруулсан хувь нэмэр чамлахааргүй их. Тиймдээ ч түүний дүр зураг, Монголчуудын зүрх сэтгэлд одоог хүртэл оршсоор байна.
Дуудах нэрийг эцэг эх өгдөг, харин дуурсах алдарыг хүн өөрөө олдог гэдэг. Т.Латиф гуай ч өөрийн дундрашгүй баялаг авъяас чадвар, уйгагүй хөдөлмөрийнхөө үр дүнд бий болгон “төрүүлсэн” гайхамшигт уран бүтээлүүдээрээ дуурсах нэрийг олж, өөрийгөө урлагт мөнхөлсөн хүн. Түүний стиль имиж, үг хэл, үйл хөдлөл нь тэр чигтээ хошин урлаг байсан. Хоромхон зуурт ч гэсэн хүнийг инээлгэж чадаж байгаа нь авъяасынх. Бас тэр хэрээрээ өөрийнх нь бор зүрх аз жаргалаар бялхдаг байсан биз ээ.
Т.Латиф агсны үргэлжлэл болсон хүүхдүүдийг нь олон түмэн танина. Дуучин Л.Байзда гэх шавилхан залуу миний мэдэхийн 1990-ээд оны сүүлээр “Танилцъя охин” хэмээх дуугаараа олныг байлдан дагуулж байсан нэгэн. Дууны өнгө аяс нь мөн л аавынх нь “Болзоо”-той төстэй..
“Хөөрхөн охин чамайг хараад
Хөөрсөн сэтгэл минь тогтохгүй нь ээ
Энгийн даруу инээд чинь гэрэлтээд
Хөөрхий намайг бишрүүлж охилоо… Танилцъя охион, танилцъя. Хүлээгээч охион сонсооч, Танилцъя охион танилцъя, Хүлээгээч сонсооч танилцъя” хэмээн намуухан хоолойгоор чихэнд сонсголонтой нь аргагүй дуулдаг. Урлагийнхан ч хоолойны өнгө, авъяас чадварыг нь магтан ирээдүйтэй дуучин гэдэг байлаа. Гэвч тэрээр өөрийнх нь дууг сонсох дуртай шүтэн бишрэгчиддээ үнэнч байж, уран бүтээлээ цааш туурвилгүй орхисон нь харамсалтай.
Сураг сонсох нь ээ Монголын цирк болон хошин урлагийн нэрт төлөөлөгч СТА Т.Латиф агсны уран бүтээлийг мөнхжүүлэх зорилгоор дуучин Л.Байзда “Латиф сан”-г байгуулжээ. Аавдаа хайртай хүн бүрийн л боддог бодол.. Аавдаа хайргүй, санан дурсдаггүй хүн гэж ч юу байхав. Гэхдээ өөрийн чаддаг зүйлээрээ бэлэг барина гэдэг бахархууштай…
25-р суваг телевизийн youtube-д тавигдсан нэгэн бичлэгийг үзлээ. “Аав минь” гэдэг дууг банзан гитар дээр үнэхээр хүнд хүртэл дуулсан харагдсан шүү. “… Аав минь та намайг гэсэн хайраараа Алсын алсаас ирж л яваа…” хэмээн дуулсан байдаг. Тиймээ хүний эцэг эх гэдэг бол үр хүүхдийнхээ дэргэд мөнхөд оршин байдаг шүү дээ.
Ер нь уран бүтээлч хүмүүс урлагаар дамжуулан хүний сэтгэлийн хөнгөн утсыг хөнддөг. Аавыгаа, ээжийгээ санахаар бид дуу сонсож тайтгарч, тэднийгээ санасандаа ч тэр үү дотроо чимээгүйхэн уйлдаг. Урлаг, дуу хөгжим хүний сэтгэлийн хөнгөн утсыг хөндөж өгдөг болохоор тэр. Монголчууд дуунд дуртай ард түмэн. Жаргалтай ч, зовлонтой ч дуулж л явдаг.
Дуучин Л.Байздагийн аавынхаа нэрээр нэрлэсэн сан нь залуу уран бүтээлчдийг дэмжиж ажилладаг гэж байгаа. Амьдралын зах зухаас мэдэрч, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн яваа залуусыг хажуунаас нь түшиж тулж, дэмжлэг үзүүлнэ гэдэг авууштай чанар шүү.. 2012 онд байгуулагдсан сангийнхан Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын иргэн Д.Баяндэлгэр бүсгүйд тусалж, хандивын тоглолтыг өнгөрсөн намар амжилттай зохион байгуулсан байна. Харин 2013 онд “Латиф” сан нэг жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулж хайр халамж дутсан 200 хүүхдийг баярлуулахаар шийдсэн гэнэ. Тоглолт хүүхдийн ордонд тоглогдоно.
Сайн санааны үүднээс хийгдэж буй ажлыг мэдээж дэмжих хүн олон л бий. Тиймдээ ч манай урлагийнхан энэхүү тоглолтонд нэлээдгүй ач холбогдол өгч байгаа нь харагдана лээ. Тоглолтонд “Marshall”, “Madness”, “3 Бүдүүн”, “Sync”, “Fly” хамтлагууд болон дуучин СТА н.Цогоо /Харш/, СТА н.Бааска, СТА н.Гантулга, СТА н.Батболд /Цэцэг/, СТА н.Цолмонтөгс, дуучин н.Нара, н.Байзда нар ая дуугаа өргөн барина гэж байгаа.
Өө тийм. Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргаж буй шилдэг циркчид буюу “Circus Mongolia Khadgaa” бүрэн бүрэлдэхүүнээрээ, “Мөрөөдлийн театр”, “Шинэ өнгө”, “Хандгай” болон жүжигчин элэглэгч н.Энхтүвшин /СТА/, жүжигчин н.Лхагвасүрэн /25-р телевиз/ зэрэг монголын сор болсон уран бүтээлчид ч оролцох юм билээ.
Ямартай ч сан байгуулж, залуу уран бүтээлчдийг дэмжиж, урлагийн ертөнцөд хувь нэмэр оруулж буй Л.Байздадаа “Урлагийн Янжилхам бурхан ивээх болтугай” гэсэн ерөөл өргөе..
Сайн үйлс мөнхөд дэлгэрч байх болтугай.
Таныг урлагийн тэнгэр ивээг
urlag.mn