Монголд анх удаа 24 цагийн турш зөвхөн загварын контент хүргэдэг “Fashion channel” телевиз нээгдэж Монголчуудын үзэж харах ертөнцийг тэлсэн. Уг телевизийн шинэ гүйцэтгэх захирлаар Б.Цэнгэл хэмээх эрхэм тодорсон нь олон хүний сонирхлыг татаад байсан. Анагаах ухааны мэргэжилтэй эрхэм Монголын анхны загварын телевизийг хэрхэн удирдах бол гэдгийг асуух хүн олон байгаа. Б.Цэнгэл ази, европын улс орнуудаар загварын менежмент, шоу менежмент чиглэлээр ажиллаж байсан бөгөөд Монголын анхны загварын телевизийг үүсгэн байгуулах төслийг боловсруулахад оролцож, анхны гүйцэтгэх захирлаар нь 2012 оны 6 сар хүртэл ажиллаж байжээ. Түүнтэй өрнүүлсэн сонирхолтой яриаг уншигчиддаа зориулж байна.
Таньд энэ өдрийн мэнд хүргье, Fashion channel телевизээр сонин хачин?
Баярлалаа, нийт уншигчиддаа энэ өдрийн мэндийг дэвшүүлэе. Манай “Fashion channel” сувгийн хамт олон маш завгүй, бүтээлч ажлуудаа өрнүүлсээр байна.
Өнгөрсөн жилийн 9 сард сүр дуулиантай нээлтээ хийснээс хойш ямар ажлууд хийгдэв?
Нээлтийн үйл ажиллагаанд бид хүн хүч гаргаж ажилласан. Монголд анх удаа Model casting, backstage зэргийг арга хэмжээний нэг хэсэг байлгахыг хичээж ажилласан. Цаашид бидний зохион байгуулах үйл ажиллагаанууд цогцоороо, бүрэн утгаараа байх болно. Бид энэ стандартыг тогтоохыг хичээж ажиллана. Нээлтээс хойш Монгол контент бэлдэх, зураг авалтын их ажилд орсон. Мөн мэргэжлийн загварын мэдээ мэдээллийг эмхэтгэх, Монголын загварын салбарт үгүйлэгдэж байгаа мэдээллийн эх сурвалжыг эмхэтгэх, бэлдэх ажлуудыг хийж байна. Маш олон зүйлийг шинээр эхэлж байгаа болохоор цаг хугацаа их зарцуулж байгаа.
Зөвхөн телевизийн асуудал биш бололтой?
Тийм ээ, телевиз суваг бол нэг салбар, загвар бол бас нэг тусдаа бие даасан салбар. Эфирээр бэлэн орчуулгын кино тавиад, зочны цаг гаргах нэг асуудал, төрөлжсөн чиглэлээрээ уран бүтээл, мэдээ мэдээлэл бэлтгэж, контент бүрдүүлнэ гэдэг шал өөр асуудал юм. Өнгөрсөн хугацаанд бид олон асуудлаа шийдэж чадлаа.
Монголын загварын салбарын хөгжил рүү чиглэсэн ямар ажлууд хийгдэж байна?
Fashion channel сувгийн үйл ажиллагаа өөрөө тэр чигтээ Монголын загварын салбарлуу чиглэсэн ажил. Гадны загварын контент хүргэж байгаа нь гадаад загварын ертөнцийг таниулж байгаа хэлбэр. Энэ сард Монголын загварын тодорхой байгууллага, хувь хүмүүсдээ зориулж 10-100 сая хүртэл үнэлгээ бүхий 1 жилийн эрхийн бичиг олгож эхэлж байгаа. Энэхүү эрхийн бичиг нь “Fashion channel” суваг, “Fashion Magazine” сэтгүүл, “Fashion management agency”-аар өөрсдийн үйл ажиллагааг сурталчилан таниулах, бүх талаар хамтран ажиллах боломжыг нээж байгаа юм. “Fashion channel” суваг Монголын загварын салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулах ажлаа үүгээр үргэлжлүүлж байна.
Загварт их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа нь сайн хэрэг боловч эндээс ямар бодит үр дүн гарах бол?
Монголын загварын салбарыг өдий хүртэл нуруундаа үүрээд ирсэн бүх хүмүүсийн сэтгэл зүтгэлийн үр дүн нь өнөөдөр Fashion channel байгуулагдах болсон гол шалтгаан. 10 жилийн өмнөх Монголын загварыг өнөөдрийн үр дүнтэй харьцуулаад үзэхэд энэ бүхний хариулт тодорхой байна.
Монголын загварынхан олон улсад өрсөлдөх чадвартай гэж үү?
Мэдээж, энэ салбар өөрийн гэсэн туулсан замтай, хөгжлийн түүхтэй. Монгол дизайнеруудын уран бүтээл гайхалтай.
Жишээ нь?
Гадаад зах зээлд өөрийн бүтээгдэхүүнээ гаргадаг дизайнер, компанитай болсон байна. Үндэстний хувцас утгаараа хөгжиж байна. Торгын шинэ загварын дээлнүүд, Монгол костюмс гээд аль ч улс орны өмнө нүүр бардам өмсөх хувцсаа бүтээж чадаж байна. Монгол ноолуураар өвөл дулаацаж, бас зун гангардаг үе ирсэн байгааг та анзаарч байгаа байлгүй?
Ард иргэдийн худалдан авах чадвараас давсан үнэтэй санагддаг?
Очиж үзэх хэрэгтэй, борлуулалтын цэгээр нь шагайж үзээгүй байж ингэж ойлгодог хүмүүс их байх юм. Олон янзын урамшуулал, сонголтуудаа танилцуулж, ойлгуулах гэж л энэ олон телевизээр сурталчлаад байгаа хэрэг шүү дээ. 2 ширхэг хятад бараа авахын оронд 1 ширхэг ноолуур аваад өмсвөл дулаахан бас чанартай.
Гадаад брэнд, тансаг хэрэглээний тухай таны хувийн бодол?
Монголчууд дэлхийн улс орнуудын эдэлж хэрэглэдэг зүйлийг хэрэглэх эрхтэй. Монголчуудын амьдралд тансаг хэрэглээ байсаар л ирсэн. Байсаар ч байх болно.
Б.Цэнгэл гэдэг хүний тансаг хэрэглээний талаар сонирхолтой санагдаж байна? Таны өмссөн цамц, хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүний талаар?
Тансаг хэрэглээ гэдэг ойлголт хүн хүнд өөрөөр ойлгогдох байх. Би чанартай зүйлийг эрхэмлэдэг.
Гадаадын брэнд ганган харагдуулдаг гэж хүмүүс ярьдаг?
Хувь хүний л сонголт. Гоёо кашмерийн цамц өмсөөд, Hugo boss сэнгэнүүлээд явдаг залуучууд сайхан л харагддаг шүү дээ.
Fashion channel сувгийг гадаадын Fashion tv-тэй андуурах тохиолдол их гардаг, хамааралтай гэдэг ч юм уу?
Ихэнхи улс орон өөрийн гэсэн загварын дагнасан сувагтай байдаг. Манай суваг тэдгээрийн адил Монгол улсад гардаг загварын дагнасан суваг. Манайхны олон жил үзсэн Fashion tv-тэй ямар ч холбоо, хамаарал байхгүй.
Fashion channel сувгийг аймгийн төвийн зурагтаар харлаа, хөдөө Монголын загварын сувгаа үзээд л, сайхан санагдлаа
Тэгэлгүй яах вэ, манай суваг Ddish кабелийн телевизийн 57 дээр гарч байгаа. Монгол улсын 21 аймагт үзэж болно. Мөн Univsion 99, Skymedia 27, MNBC болон бусад кабелийн телевизүүдээр гарч байгаа. Азийн зарим улс орнуудад цацалтаа хийхээр ажиллаж байна. “Fashion Channel” таныг уйдаахгүй.
Сэтгүүл, студиийнхээ талаар товч мэдээлэл хүргээч?
Манай Видео, фото студи өвөрмөц шийдэлтэй, чанартай уран бүтээлүүд хийдгээрээ онцлогтой. Үзэгчид энэ олон халтуурдсан реклам, зар сурталчилгаанаас үнэндээ уйдаж байгаа. Бүтээгдэхүүний рекламыг уран бүтээл болгон харуулах нь үзэгчидээ хүндлэх бидний гол зорилго. “Fashion Magazine” сэтгүүлийн хувьд нийтэд худалдаанд гарахгүй, зорилтод 2000-5000 уншигчдын гарт шууд хүрдэг VIP сэтгүүл. Өдөр тутмын фото мэдээллийг www.fb.com/fashiontv.mn хаягаар үзэх боломжтой.
Цаг гаргаж асуултанд хариулсанд баярлалаа, ажилд тань өндөр амжилт хүсье!
Баярлалаа.
Г.Анхмаа