Урлаг судлалын ухааны доктор, профессор, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуягтай ярилцлаа.
–Та Монголын урлагийн салбарт олон сайхан шавь төрүүлсэн.Таны шавь Н.Наранбаатарын “Гамлет” жүжиг үзэгчдээс өндөр үнэлэлт аваад байгаа. Mонголын сонгодог урлаг, тэр дундаа драмын урлаг ямар төвшинд явж байна гэж та бодож байна вэ?
-”Гамлет” сайн жүжиг болсон.Н.Наранбаатар шавь маань найруулсанд магтаад байгаа юм биш. Шинэчлэл хувьсал гэж сүржигнээд яахав, тэсрэлт үсрэлт гэж бардамнаад юүхэв, миний шавь сүүлийн хэдэн жил дараалан “Парисын дарь эхийн сүм” мюзикл, “Тэнгэрийн хүү” үндэсний түүхэн жүжиг, “Гамлет” сонгодог жүжгийг амжилттай тавьсан. Энэ гурван жүжиг Улсын дармын эрдмийн театрт ямартаа ч шинэ өнгө төрх, уур амьсгал авчирсан. Н.Наранбаатар хэдэн сайн жүжиг тавьж үзэгчдийн холдсон урсгалыг буцааж эргүүлсэн. Сонгодог жүжгийг хүн үздэггүй, жүжигчид уран бүтээлчдийнхээ авъяас чадварыг хөгжүүлэхийн төлөө тавьдаг юм. Одоо Шекспирийг тавих цаг болсон ч гэдэг юм уу тэр ойлголтыг “Гамлет” эвдсэн. Бас урт удаан үргэлжилсэн жүжгийг хүн үздэггүй гэдэг ойлголтыг ч эвдэж чадсан. “Гамлет” бол чилийсэн дөрвөн цаг орчим тоглодог жүжиг мөртлөө үзэгчдийг татаж, барьж чадаж байна. Ер нь нэг цаг үсрээд хоёр цагаас илүү гарвал жүжиг ч бай кино ч бай үзэгчид уйдаад гараад явчихна гэдэг ойлголт сүүлийн үед ноёрхчихсон байлаа. “Гамлет” бол ямартаа ч драмын театрын урын санд томоохон байр суурь эзлэх, түүхэнд тэмдэглэгдэх бүтээл болсон.
–Одоо тоглож байгаа жүжиг, 90-ээд оноос өмнө тавьж байсан жүжигт ямар ялгаабайгаа бол?
-Ялгаа их байна. Би 1979 онд оюутан байхдаа өвлийн амралтаараа “Гамлет” жүжгийг үзсэн. Тэр үед Х.Нацагдарж гуайн бичсэн шүүмж “Утга зохиол, урлаг” сонинд гарч байсан. Ялангуяа Л.Жамсранжав ахын тоглолтод ихэд шүүмжлэлтэй хандсан байдаг. Би өөрөө тэр үед шүүмж бичдэг шүү байсан болоод их анхаарч, бодож уншсан юм. Л.Жамсранжавыг, энэ том жүжигчнийг шүүмжилж болдог байжээ гэсэн шүү юм бодож байсан ч нөгөө талаар надад том хичээл болсон. Одоогийн “Гамлет”-ыг Л.Жамсранжав гуайн “Гамлет”-тай харьцуулаад бодоход цаг үе, үзэл суртлын нөлөө айхтар тусч байж дээ гэж бодогдсон. Нийгмийг хүмүүс бүрдүүлдэг, бүтээдэг. Жамсранжавын “Гамлет” бол нийгэмтэй эвлэрч чадахгүй ганцаардсан, зожиг өөрийгөө буруутгагч, хувь заяандаа боомилогдогч байсан бол С.Болд-Эрдэнийн “Гамлет” орчин, хүмүүстэй үл эвлэрэгч, гэхдээ ганцаардсан бус нийтэч, өөрийгөө өмөөрөгч, өрөөлтэй тэмцэгч шинж чанартай жүжиг болсноороо ялгаатай. Ардын жүжигчин Л.Жамсранжавын “Гамлет” аль 16 дугаар зууны Данийн Эльсиньор шилтгээн дэх амьдрал, тэр үеийн хүн болсон бол С.Болд-Эрдэнийн “Гамлет” орчин цагийн одоо бидний дунд амьдрагч “Гамлет” юм. За тэгээд жүжигчний тоглолтын арга барил, жүжгийн орчин бүрдүүлэлт, дотоод хэмнэл ритм гээд яривал ялгаа их бий.
–Сүүлийн үед залуу найруулагчид чансаатай уран бүтээл хийж, олонд танигдаж байна.Та тэдэнд ямар дүн тавих вэ?
-Найруулагч болгон сонгодог жүжиг тавихгүй. Мэдээж судлагаа, авьяас, туршлага, жин далайц гээд олон хүчин зүйлийг найруулагчаас шаардана. Тухайн театр үүнийг шаарддаг бус сонгодог жүжиг өөрөө шаарддаг. Ийм болохоор хүссэн болгон сонгодог жүжигтэй ноцолддоггүй, ноцолдоод ч дийлэхгүй. Сонгодог жүжигт давж болдоггүй хана, хэрэм халдаж болдоггүй хил хязгаар гэж бий. Орчин үеийн явдлыг нь зориудаар мушгиж болж буйг Монголд, шилтгээнд болдог үйл явдлыг галзуугийн эмнэлэгт гэх мэтээр өөрчилж болохгүй л дээ. Яахав байр сууриа олох гэсэн, эсвэл хий шуугиан тавих гэсэн сонирхогчдын хэмжээний театруудын хувьд, мэргэжлийн бус уран бүтээлчдийн хүрээнд байдаг л асуудал. Мэргэжлийн театрын хувьд сонгодог жүжиг сонгодгоороо л байх ёстой. Монгол дээлтэй Гамлет байж болохгүй. Гамлетын хувцастай Юндэн байж болохгүй гэсэн үг.
–Сүүлийн үед тайзнаа тавигдаж буй жүжгүүдийн чанарыг та хэрхэн үнэлдэг вэ?
-Оюутнуудын дипломын жүжгүүдийг эс тооцвол сүйдтэй юм байхгүй. Улсын хүүхэд залуучуудын театр хувьчлагдахын өмнө И.Нямгаваа найруулагчийн урилгаар нэг жил ажиллахдаа В.Маяковскийн “Нохой бөөс” жүжгийг тавьсан. Эрэл хайгуул хийдэг, шинийг эрэлхийлдэг залуусын театр гэдэг утгаар нь найруулгын тавилт, тайз, гэрэлтүүлгээс эхлээд жүжгийн тоглолт, ансамбльд ихэд өвөрмөцөөр хандаж ажилласан. И.Нямгаваа, Л.Мөрдорж болон Б.Зориг багш Н.Дугарсанжаа гуай нар овоо үнэлсэн. Тэгэхээр гайгүй жүжиг болчихсон юм уу гэж бодож явдаг юм. В.Маяковскийг манайхан “Зөвлөлтийн паспорт” шүлгээр нь л мэддэг байлаа. Яруу найрагчийн бичсэн жүжиг болохоор өвөрмөц бөгөөд төвөгтэй. Маш олон үзэгдэлтэй, орчин дороо өөрчлөгдөнө. Мөн олны хэсэг ихтэй, хэцүү жүжиг байсан. В.Маяковский В.Мейерхольдтой хамтарч ажилладаг, жүжгүүдийг нь зөвхөн Мейерхольд л тавьдаг байсан. “Мистерн-Буфф”, “Баня” гээд бусад жүжгүүдийнх нь тавилтыг нэлээд судалсан. Белорусст сурч байхдаа Малковскийн жүжгүүдээс хэсэг авч ажилладаг байсан нь ч тус болсон биз. Энэ бол 1997 он юм. Тэгээд 2005 онд УДЭТ-т Ф.Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийг тавьсан. Би жүжиг тавихдаа жүжгүүдийг хэвшмэл арга барилыг эвдэх, жүжигчнийг өсгөх хүмүүжүүлэхийг хэрэндээ анхаардаг юм. Тэр хэрээр хандаж ажилласан. Б.Жаргалсайхан өөрөө сайхан залуу, найруулагч нар амарчлаад хайр дурлалын баатарт тоглуулаад байдаг. Би эсрэгээр нь тэс өөр зан араншинтай, сөрөг талын инээдмийн дүр Гормаршалд Б.Жаргалсайханыг ажиллуулсан. Үнэхээр өөрийгөө эвдсэн дүр болсон. Үзэгчид маш халуун дотно хүлээж авсан. Б.Жаргалсайханыг гарч, ороход үзэгчид нижигнэтэл алга ташдаг байсан юм. Бас л бүтэн гурван цаг тоглодог жүжиг ч үзэгчдийг барьж чаддаг, үйл явдал, үйлдэл, ритмд нь автчихдаг байсан. Фердишенд Луйзад тоглодог жүжигчид нь өтөлчихөөд тоглохгүй л юм.
–Оны өмнөхөн Сонгодог урлаг-2012 улсын уралдаан болж өнгөрсөн. Хөдөө ороннутгийн театрууд нэлээд хүчтэй өрсөлдөгчид байлаа. Энэ уралдааныг хэрхэндүгнэж, ямар өнцгөөс харсан бэ?
-Өнгөрсөн жилийн хувьд сонгодог жүжигт ургац арвин байлаа. Завханы хөгжимт жүжгийн театрт А.Чеховын “Ваня ах” жүжиг, Хөвсгөлийн хөгжимт жүжгийн театрт У.Шекспирийн “Шуурга” жүжгийг тавьсан. “Сонгодог жүжиг 2012” наадамд оролцсон юм. “Ваня ах” жүжиг баруун бүсээс нэгдүгээр байрт шалгарч, хоёрдугаар шатанд Улаанбаатарт ирж тоглосон. “Шуурга” жүжиг төвийн бүсэд дэд байр эзэлсэн. Наадам явагдах хугацаа хойшлоод Хөвсгөлийн театр Солонгост фестивальд оролцох нь давхацсан учраас ССАЖЯ-наас төвийн бүсэд оруулчихсан чинь нэлээд гадуурхагдсан. Гэхдээ яах вэ хоёрдугаар байр эзэлсэн. Би өөрөө “Сонгодог жүжиг 2012” наадамд жүжиг найруулсан болохоор зохион байгуулах комисс, шүүгчдийн бүрэлдэхүүнд орж ажиллаагүй. Өвөрхангайд Дарханы театрын “Нара”, УДЭТ-т “Нийгмийн дайсан” жүжиг үзсэн. Генрих Ибсейний хоёр жүжгийг л үзсэн юм байна. Аймгуудын бүтээлүүдийг бүгдийг нь үзээгүй болохоор үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй.
–Хөдөө орон нутгийн театрууд сонгодог жүжгийг театрынхаа тайзнаа тавьж байна.Тэдгээр театрын жүжигчид нэлээд чадварлаг байсан?
-”Сонгодог жүжиг 2005″, “Сонгодог жүжиг 2008”-д ерөнхий шүүгчээр ажилласан. Үр дүн байлгүй яахав. Олон зүйл хэлж болно. Үнэндээ сонгодог байтугай, жүжиг тавьдаггүй, концертоор аргацаагаад сууж байдаг театрууд бий. Сонгодог жүжгийн фестиваль ямар ч гэсэн сэрээж, сэргээж өгч байна. Жүжигчдийн ур чадвар өснө, ахина. Бусад театруудтай өөрсдийгөө жишиж, сургамж, туршлага авна. Үгүйдээ материаллаг нөхцлөө, театрын тоног төхөөрөмжөө сайжруулчихна. Би 2008 онд УДЭТ-ын тайзнаас “Энэ наадам хот, хөдөөгийн ялгааг баллуурдаж хаялаа” гэж хэлж байсан. Яг баллуурдах нь ч хаашаа юм. Хамгийн гол нь орон нутгийн театрын уран бүтээлчдийн урмыг сэргээх гэсэн хэрэг. Чин үнэндээ УДЭТ-тай аймгийн нэг театр өрсөлдлөө гэвэл бух, хуц хоёр мөргөлдөхийн үлгэр болно л доо. “Сонгодог жүжиг 2012” наадмаар СУИС-д жүжигчний ангид /студи/ сургаж авсан театрууд бусдаас давамгай байсан гэдгийг шүүгчид, оролцсон уран бүтээлчид, хүмүүсийн амнаас сонсож байна. Тийм байх нь ч аргагүй. Дорноговь, Дундговь, Төв, Завханы театр жүжигчний ансамблийн хувьд хүчтэй л дээ. Орон нутгийн театрт сонгодог бүтээл нутагших бүрэн боломжтой. Хамгийн гол нь боловсон хүчний байршил, суурьшил. Найруулагч, багш нар, зураачгүй театр олон байна. Мэргэжлийн сайн найруулагчгүй театрт хэчнээн сайн жүжигчид байгаад хэрэггүй. Найруулагчийг жүжигчин дагадаг хуультай. Орон нутгийн театруудын тэргүүлэх, удирдах уран бүтээлчдийг сургаж бэлтгэх, тогтвортой суурьшуулах явдал ССАЖЯ-ны эн тэргүүний бодлого байх ёстой байна. Сонгодог бүтээлийг нутагшуулах хүмүүс нь сайн найруулагч, сайн багш нар. Өөр хэн байх вэ. Ерөөсөө найруулагчгүй театр байснаас байгаагүй нь дээр.
–Аймгийн театрынхан улаан гэр байхаас эхлээд соёлын агуй, тэгээд чуулга болтлоохөгжиж ирсэн түүх бий. Ямар,ямар бүтээлүүд тавьж байна вэ. Хамгийн гол ньүндэстэн ястны онцлог юу билээ?
-Хүн амын ялгарал суурьшил дэд бүтцийн асуудал гээд олон талаас нь судлаж, өөрийн өнгө төрх, төрөл зүйлээ ашиглах хэрэгтэй л дээ. Аймгууд урьдахаа бодвол өөрийн онцлогоо илэрхийлэх, урлагийн олон төрлийг урын сангийн бодлогын төвдөө байлгах тал дээр чадах чинээгээрээ хичээцгээж байна. Тэгэхдээ эрс ялгараад байгаа юм алга. Гурван аймгийн дунд нэг театр байхад болохгүй юмгүй. Бусад нь Филиал хэлбэрээр байгаа биз. Уран бүтээлүүдээ солилцдог, гэрээгээр харицлан ажилладаг, менежментийн бодлого байж болно. Хурим цайллаганд байж байж уулзчихдаг дуулал тоглолтыг театрт очиж мөнгө төлж, цаг гарздан үзээд яахав. Заримаас нь бүүр залхаад уйдчихсан байгаа шүү дээ. Ийм болохоор уран бүтээлүүдийн “Цус сэлбэлт”-ийг зоригтой хийх ёстой.
–Брэнд бүтээлтэй байсан театрууд бий?
-Ховдын театр Ч.Ойдовын “Далан худалч” Дорнодын театр Ж.Лодойн “Хурим”, Сүхбаатарын театр “Торой банди”, “Жаахан шарга”, Дорноговын театр Данзанравжаагийн шүлгүүд гэхчилэн бий. Брэнд бүтээлүүдээ улс даяар хил давж сурталчилах хэрэгтэй. Урлагийн бригад /аялан тоглолт/-ыг сэргээх шаардлагатай байгаа юм. Зам харилцаа сайжирч байна. Ховдын театр Дорнодод очиж тоглож болохгүй юү. Урьд нь болж байсан юм, одоо бүүр боломжтой байхгүй юу. Нөгөө дээшээ хараад, алгаа тосдог, тэжээлгэдэг сэтгэлгээ л саад болоод байна.
–Та Чеховын зохиолуудтай салшгүй холбоотой болсон юм шиг санагддаг. Яагаадтэр вэ?
-Чеховт хандах миний өөрийн зарчим бий. Зарчимсах юу байх вэ, 20-иод жил Чеховтой дагнаж ноцолдлоо. Дэлхийн олон театрууд Чеховын жүжгийг яаж тавьсныг бишгүй үзлээ. Тэр дундаас өөрийн зарчмаа олсон гэж хэлэх гээд байна. Чеховын “Цахилгаан” жүжиг анх Петрбург Александрийн театрт тавигдаад нам уналт, сүйрэлд орлоо. Тэд жүжиг тавьж, тоглож байсан арга туршлагаараа хандаж л дээ. Чехов нээлт болохын өмнөх сургуулилтад суугаад дараа нь найруулагчид нь “Хэтрүүлж тоглоод байна. Гадаад ритм их хөөж байна. Дүрийг тоглож байна” гэж хэлсэн. Найруулагч Чеховын үгийг тоогоогүй. Үнэхээр Чеховын нүүрэн дээр жүжиг нурж байгаа нь анхны тоглолтоос илэрхий болж. Чехов жүжгээ хамт дуусгаад тайзнаа ч гарч ёсолсонгүй, жүжигчдийнхээ цайллаганд орсонгүй, хэвлэлийн газрын эзэн Суворийн төлөвлөсөн хүлээн авалтад очсонгүй. Нева мөрний эргээр шөнөжин ганцаар тэнэсээр өглөө нь Москва руу явжээ. Тэгэхдээ Чехов “Би 700 жил насалдаг ч байлаа, дахин жүжиг бичихгүй” гэж тангараг өргөсөн байдаг. Чеховын жүжигт сэтгэл хөдлөл /эмоци/ хөөж, оволзож тоглож болдоггүй. Гадагшаа биш дотогшоо нуугиж тоглох ёстой. Чеховын үйлдэл бүр далд утгатай, үг болгон давхар санаатай байдаг болохоор жүжигчнээс сэтгэлийн асар их тэвчээр, нарийн эмзэг мэдрэмж шаарддаг. Чеховыг мэдэхгүй хүн, түүний зохиолтой ноцолдоод нэмэргүй. Тэгээд хэр баргийн жүжигчин Чеховын жүжигт тоглож чаддаггүй. Хүмүүс ер нь Чеховоос зугтдаг, айдаг. Тэр нь ч өнгөрсөн “Сонгодог жүжиг 2012” наадмаас харагдлаа. 21 аймгаас ганцхан Завханы театр “Ваня ах” жүжгээр оролцсон шүү дээ. Би СУИС-д 20-иод жил болохдоо зөвхөн Чеховоор дагнасан гэж хэлж болно. Чеховыг байсан бол би юу заах байсан юм бол бүү мэд. Нэг, хоёрдугаар курсдээ Чеховын өгүүллэг, туужаар инсенировка бичүүлж, тайзны ажил хийдэг. Гуравдугаар курсдээ нэг бүлэгт жүжиг, отрывкууд дээр ажилладаг, төгсөхдөө Чеховын аль нэг бүрэн хэмжээний жүжгийг дипломын ажил болгон тайзнаа тавьдаг. Чехов ердөө таван бүрэн хэмжээний нээлээд жүжиг бичсэн мөртлөө дэлхийн театруудыг бүхэлд нь тэжээж байна. Би “Ваня” ахыг 1998, “Эгч дүү гурав”-ыг 2002, “Интоорын цэцэрлэг”-ийг 2006, “Цахлай”-г 2012 онд дипломын жүжиг болгон тавьсан. Харин “Иванов”-ыг 2016 онд тавина, одоо бэлтгэлээ хийж байна. Жил бүрийн хавар Бээжин хотод Азийн театрын сургуулиудын оюутан фестиваль болдог юм. Өнгөрсөн жил бид нар “Цахлай” жүжгээр өрсөлдөж “Гран при” шилдэг дүрийн шагнал хүртсэн. Мэргэжлийн багш нар манай сургалтыг маш өндрөөр үнэлсэн.
–Сонгодог урлагийг цаашид дэлхийн төвшинд хөгжүүлэхэд юуг анхаарах хэрэгтэйбол?
-Боловсон хүчнийг бэлтгэх, сургах, байршил, суурьшлын асуудлыг тэргүүлэх бодлогоо болгомоор байна. Дээр миний хэлсэнчлэн найруулагч, удирдаач, бүжиг дэглээч зэрэг тэргүүлэх чиглэлийн мэргэжилтнүүдийг гадаадад бодлогоор бэлтгэж, орон нутгийн театруудад томилон ажиллуулдаг байх хэрэгтэй. Дарга нарыг нь ч яам томилдог байх шаардлагатай. Үгүй бол аймгийн Засаг даргын бялууны хүн томилогдчихдог, ажлаа мэддэггүй, мэргэжлээ ойлгодоггүй. Сүүлийн үед намаар их туйлширч байна. Намын хүн биш, номын хүн мэргэжлийн чадвартай хүмүүсийг төв орон нутгийн театрын удирдлагаар тавих хэрэгтэй. Соёл урлагийн ажилтны улсын хоёрдугаар зөвлөгөөн болох үеэр би уриалж хоёр санал тавьсан юм. Нэгдүгээрт, Соёлын яамтай болох, яам байгуулж өгдөггүй юм гэхэд Хороотой болох. Яахав хороо байгуулсан боловч БСШУЯ-ны дэргэд газар хэвээр байж хоёр тусдаа эрх мэдлээ булаалдсан, эсвэл аливааг хариуцах эзэнгүй болж хувирсан. Хоёрдугаарт, Урлагийн ордонтой болох. Үүнийг хэрэгжээсэй гэж Монголын ард түмэн хүлээж байгаа даа.
–Та “Эрчүүдээ баярлуулцгаая л даа” нэртэй дуучид, жүжигчид, хошин урлагынхнынэгдсэн томоохон цэнгүүнийг хийж гэж байгаа гэж дуулдсан. Энэ талаараасонирхуулаач?
-Би ч юу байхав шавь нар минь санаачилж хийж байгаа юм. 2003 онд тайлан тоглолтоо хийснээс хойш 10 жил өнгөрчихсөн байна. Хувь хүний тайлан тоглолт бол гол нь шавь нар шүү дээ. Энэ хугацаанд Н.Ариунболд, У.Уранчимэг гээд хоёр гавьяат төрж. Гадаад дотоодын удалдаан наадмуудаас шагнал авсан, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгтэн төрсөн гэвэл тоолж барахгүй. Хамгийн гол нь өнгөрсөн жил би урлагийн чиглэлээр таван ном гаргажээ. Эрдэм шинжилгээний нэлээд бүтээл хийж. Үүнд маань урамшсан шавь нар минь хүндэтгэлийн том цэнгүүн хийж байгаа юм. Би жүжиг, кинондоо зориулж бас сэтгэлийн онгодоор 20 гаруй дууны шүлэг бичсэн. Тэр дууг дуулсан дуучид болон шавь нар маань оролцоно. Хошин урлагийн хамтлаг, продакшнууд болон орон нутгийн театр чуулгийн ураг бүтээлчид, УДЭТ-ын уран бүтээлчид гээд нүсэр бүрэлдэхүүн багтаж байгаа.
Эх сурвалж: Зууны мэдээ