Дэнсмаагийн нойр хулжив. Өрхний хошуу эргүүлсэн тооноор сарны гэрэл шурган хоймор гулсана. Саалийн исгэлүүн үнэр сэнгэнэж, бүгчим халуунд ялаа шаагилдана. Тэр дунд шумуул жонгинон тэнүүчилж, хатавчинд уяатай нялх тугал шоржигнотол шээв. Дэнсмааг зэргэлдээ багаас гурван жилийн өмнө Гүнсэнд бэр буулгажээ.
Цэргээс ирээд шинэхэн дээл нь хэвд орж амжаагүй ханхар цээжтэй Гүнсэн, Дэнсмааг шохоорхон хоргооход, бүсгүй өөрөөсөө хол ах санагдах эрээс ичингүйрэн ширвээдэж бараагий нь харуутаа л зугтаж нуугддаг байлаа.
Жаахан бүсгүй тэсвэрлэхэд бэрх харцнаас мултрах гэж өвсөн дотор зүү гээсэн юм шиг газар ширтэж байгаад Гүнсэнг явсан хойно хөгшин төгцөгүүдтэй эгнэшгүй сайхан санагдахад учиргүй нүүр буруулснаа гэмэрхэн инээмсэглэж, битүү мөрөөсөх дурлалын зул цээжинд нь дальдчин бадамлах болжээ. Тэдний хурим намар болов. Хурим хөлтэй өнгөрч, амьдрал буулгаа хүзүүнд нь углаж зүтгүүлэхдээ хуримын өдрүүд шиг байсангүй. Гүнсэн эхнэрийн хормой сахисан эр биш байлаа. Нөхөр нь наргиж хэсээд явдаггүй ч эзгүйд нь Дэнсмаагийн ганцаардах сэтгэлийн мухарт намрын хонгор салхи өрх хөвсөлзүүлэх шиг нялх дурсамж дэрвэлзэж шарлаана. Хуримын өмнө тэднийд саахалтын нь хархүү ирж билээ. Дэнсмаа Гүнсэнд хавтага шаглаж суув. Хархүү дүрсгүй алаг нүд эргэлдүүлж "Чи Гүнсэнд очих нуу. Тэрнийг нүд ирмэхэд л хүүхнүүд хөлөө хугалчих алдах юм даа" гэж гоочлов. Дэнсмаа өөртөө нийцсэн эгдүүтэй аальгүй зангаар жуумагнаад, "Чи юугаар дутаав. Эхнэр чинь чамд өвдөгөө тэвэрч хэвтсээр чавганц болох нь гэж хэлэхгүй байна уу" гэж голыг нь зурж гомдмоор хэлжээ. Хархүүгийн хор буцалж, “Чи хүнийг хэлэлтгүй. Би цаадахы чинь мэднэ. Хормойноосоо оёчихоод байхад чинь унтаагаар чинь таслаад явчих бий" гэж шарыг нь малтав. Дэнсмаа хархүүг тонгорог шиг харцаар эсгэж, ':Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм. Чамтай суусан бол тогооны бариул л болох байсан биз" гэж шаралхан дайрчээ. Дэнсмаа холбоо сүлбээгүй хүнийг гэнэт ингэж дурссанаа гайхсангүй. Харин амаа асуулгах шиг санагдсан нь нөлөөлж, нөхрөө гашуун үгээр өдсөн ааш гаргахад Гүнсэнгийн царай барсхийн ногт эвхэж байгаад ороолгоод авчээ
Хадмууд нь бэрээ өмгөөлсөнгүй. Шөнө нь Гүнсэн эхнэрийнхээ дал мөрийг даган гүрийсэн улаан горивыг хараад, "Муу хүүхнээ арай хэтрүүлчихэж үү дээ. Ахиж гар хүрэхгүй ээ. Цухлын мунхагаар .." гэхэд Дэнсмаа баярласан гомдсон алин болох нь мэдэгдэхгуй, энхрийлэх тусам улам уяран мэгшиж нойтон нүурээ цээж рүү нь наажээ.
Маргааш нь энэ тухай ор тас мартав. Хавар Дэнсмаа нярайлж, ганцаардах уйдах зав зайгүй болов. Гүнсэнгийн хэзээний тэнэмэл хүүхэмсэг зан, өрх толгойлсон эрийн дороос ундрах ажил, Дэнсмаагийн гэрээ өөд татах халамжинд дарагдаад мэдэгдэхээ больжээ. Ингэж Гүнсэнгийнх гэдэг айл нэр цөвгүй голомтын утаа боргилох авай…
Нохой боргоод чимээгүй болов. Дэнсмаа нар шингэхийн алдад нөхрөө дээд хотонд найрлаж явна гэж амны салхиар сонсчээ. Yнэндээ бол ''Нөхөр чинь Алтанцэцэгийнд байна" гэж ховлож шивэгнэсэн хэрэг. Морьтой хүн ирээд гадаа зогсов. Дэнсмаа нөхрийнхөө унаж явсан хээр алгийг тургих чимээнээр нь таниад дээлээ эгэлдэргэлэн бослоо. Гүнсэнг ирэхэд цай хоолы нь халаахаар бэлтгэж зууханд зээглэсэн зомголыг асаав. Yүд рүүгээ харж, чимээ чагнан хэсэг хүлээлээ. Морь гэр шөргөөхөд гайхаад гарав. Хүргэнийхээ хаяаг бараадан айлсан зуссан эх нь хотны захаас дээлээ нөмөрчихсөн ирж явав. Нөхрий нь морь аргамжааны чөдрийн алгыг таслаад хүрээд иржээ, Эх нь замдаа зогсоод
– Гүнсэн ирээ юу гэв.
– Ирсээн… гэж Дэнсмаагийн хоолой зангирав. Эх нь бөгшүулсээр цааш явлаа. Дэнсмаагийн зүрх рүү зангууны ясан өргөс шивэх шиг болж, шимшрэн харанхуйлаад нүдний нь аяганд нулимс бүрхэн эхийнхээ барааг харахыг болив. Гэртээ орсон хойноо ямар ч зорилгогүй хүүгийнхээ наагуур ороо ирмэгдэн суулаа. Тэгээд нулимсаа арчихаар орныхоо толгойг тэмтрэн гартаа таарсан даавууг авч, нүүрэндээ наахад, нөхрий нь угааж амжаагүй цамц таарчээ. Танил дотно хөлсний үнэрт сэтгэл улам уярч удтал шуналтай энхрий
үнэрлэв. Нөхрөө бусдын эхнэртэй хоноглож байгаад гомдовч. өглөө улс амьтны нүдэн дээр айлаас эмээлээ үүрэн гарч шившигээ хутгахыг нь сэхээрээд, бусдын өмнө нүүр нь түлэгдэх шиг халуун оргив Хүү нь бөх бат унтжээ.
Дэнсмаа ханын толгойноос бүтэн чөдөр аваад морио ногтлон зайдан унаад, сартай хөндийг зүсэн Алтанцэцэгийнхийг чиглэн цогиуллаа. Шөнө дөл өнгөрчээ.
Зуны шөнө богинохон аж.
Дэнсмаа нөхрийнхөө морийг аргамжчихаад их хэрэг бүтээсэндээ сэтгэл амарч, ардаа хоцрох айлын барааг тасартал хэсэг газар амьсгаадталаа гүйлээ. Хүүхэн айлын аргамжийг олох гэж хайгаагүй юмсанж. Алтанцэцэгийг л чадах гэж тугалын зэлийг нь тайлж аваад морио аргамжиж орхижээ. Цэцэг нялхарсан шөнө санж.
Дэнсмаа буцах замдаа хүүхэд шиг дүрсгүйтэн салаалж сүлжсэн гэзгээ хоёр тийш нь савчуулж, дэгдэж дэгэнцэн замд таарсан шүүдэр шимэх цэцэгсийн дэлбээнд, "Алтанцэцэгээ нохой хорь" хэмээн сэрээсээр харих газрынхаа хол ойрыг анзаарсангүй. Сар сүүн гэрлээ самарч хээр хонолоо. Дэнсмааг гэртээ ирэхэд үүр шарлав. Хүүгээ нойрмогоор нь хөхүүлж, үс гэзгээ янзлаад, даргилж хөөрсөн цайныхаа дээжийг авч цацал өргөхөөр гарвал, цацал мялаасан сүүн замаар Гүнсэн ирж яваа нь харагджээ. Дэнсмаа нөхрөө таниутаа анх танилцсан үеийнх шигээ сандарч, сэтгэл нь гэрэвшин түгшиж орхилоо. Гүнсэн морио тавьчихаад эмээлээ гэрийнхээ баруун хөлийн хананд шондож босгов. Унинд хавчуулсан тасархай чөдөр Гүнсэнгийн нүдэн дээр могой шиг атирч харагдана. Дэнсмаа цай аягалж барив. Хоёулаа гадны таньж мэдэхгүй улс шиг бишүүрхүүхэн сууж уруулаа нээж болохгүй юм шиг дуугүй цайлаад дараа нь Гүнсэн гарч шар цөрхлөөд тэрэг хөллөлөө. Дэнсмаа нөхрөө түлээнд явах нь гэж бодоод дуртай шариванг нь өрөмтэй хавсарч боогоод гарлаа.
– Түлээнд явах нь уу гэхэд Гүнсэн Дэнсмаагийн гараас замын хүнсээ авч, шанх руу нь сул унасан үсийг зориг муутай илээд,
– Энэ айл гал алдвал Гүнсэнтэй, унд цайгүй бол чамтай холбоотой биз дээ гэлээ. Тэрэг хөдөлж, дугуй чихран эргэлээ.
1994.1.15-28
ЖАНЧИВДОРЖИЙН ДАШЗЭГВЭ
Ж.Дашзэгвэ 1945 онд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төржээ. 1970 онд УБДС – ийн кино драмын ангийг төгсжээ. 1965 оноос уран бүтээлээ эхэлж “Ган тайлах хур”, "Цэнхэр зэрэглээ” "Жаргаагүй үлгэр", "Чонын хүү" зэрэг ном хэвлүүлсэн бөгөөд "Yхэл хүртэлх хайр сэтгэл" роман бичиж 2002 оны Алтан өд шагнал хүртсэн байна. Бас МЗЭ-ийн шагнал хүртсэнээс гадна "Утгын чимэг" богино өгүүллэгийн наадамд олон удаа шагналт байрт оржээ.
www.URLAG.mn