“Жинжиймаа” киногоороо олонд танигдсан алаг нүдэн Д.Ганцэцэг УДЭТ-ийн чадварлаг жүжигчдийн нэг байсан билээ. Тэрээр өдгөө “Хувьсал” продакшны уран бүтээлч болж МУГЖ У.Уранчимэг болон А.Ганчимэг нарын хамтаар анхны дэлгэцийн уран бүтээлээ амжилттай нээгээд байгаа билээ.
Өдгөө хоёр хүүгийн ээж болсон Ганаа амьдралынхаа хань, хоёр хүүгийнхээ аавыг бурхны оронд үдсэн ч байнга өөрийгөө эрч хүчээр цэнэглэж, шантраагүй нэгэн. Тэрээр энэ жил “Гэгээн муза” наадмаас ”Бурханд илгээсэн захидал” ганц хүний жүжгээр “муза” хүртэхдээ “Миний хань, миний аав хоёр одоо намайг тэнгэрээс харж байгаа байх. Амьдралын минь түшиг тулгуур болсон хоёр хайртай эр хүнийг алдах тэр агшинд би тайзан дээр байсан. Жүжигчдийн бүтэн жилийн хөдөлмөрийг дүгнэдэг “Гэгээн муза” наадмын шилдэг нь байж чадахгүй л бол энэ мэргэжлээ орхиж, хоёр хүүгийнхээ төлөө л амьдаръя хэмээн өөртөө амлалт өгсөн байлаа. Гэхдээ би мэргэжилдээ хайртай учраас шилдэг нь байхын төлөө үнэхээр их хичээсэн. Миний хоёр хүү ээжийнхээ гараас хөтлөн “Гэгээн муза”-д очсонд бас их баяртай байна.Тэд минь ээжийгээ их дэмжсэн шүү. Хөвгүүдийнхээ итгэлийг алдаагүйдээ сэтгэл хангалуун байна. Тэвчээртэйгээр ээжийгээ хоёр сар хүлээж, нэг ч удаа гомдоллож байгаагүй хоёр хүүдээ маш их баярлаж байна” хэмээн хоолой нь зангиран, нулимсаа дотогш огшоож байсан Д.Ганцэцэгээр олон хүн бахархаж байсан юм. Эрч хүчтэй, авьяаслаг жүжигчин бүсгүйдээ уран бүтээлийн өндөр амжилтыг хүсээд түүний хувийн зургийн цомгоос хүргэж байна.