Их Британи Улсын Хөрөг барималчдын нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг олон улсын дээд зэрэглэлийн оны шилдэг нүүр царайг тодорхойлох “FACE-2014” тэмцээнд монгол залуу Б.Баясгалан хоёр уран бүтээлээрээ амжилттай оролцож байна.
Тэрбээр тэмцээний гуравдугаар үе шатыг амжилттай давж, финалд шалгарчээ. Б.Баясгалангийн оролцсон “FACE-2014” тэмцээний шилдэг бүтээлүүдийг тавдугаар сарын 12-17-нд Лондон хотын “Sladmore Contemporary Gallery”-д үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
Б.Баясгалан Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн бөгөөд өдгөө Итали улсын Флоренцийн гэгээн Принцийн уран зургийн сургуульд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх хугацаандаа энэ тэмцээнд оролцож байгаа юм.
Тэрбээр Италид суралцаж байхдаа өнгөрсөн нэгдүгээр сард Флоренц хотод уран бүтээлийн үзэсгэлэнгээ урлаг сонирхогчдын хүртээл болгосон авьяаслаг уран бүтээлч юм байна.
Б.Баясгалан 2012 онд Флоренцийн Урлагийн академийг фигуратив арт чиглэлээр суралцан төгсчээ.
Энэ сургуулиа дүүргэсэн жилдээ АНУ, Их Британи, Европын урлагийн шилдэг таван том сургуулийн захирлууд оролцон ялагчийг тодруулдаг ARC (Art Renewal Center) буюу реализмын чиглэлийн хүн зураг, хүн баримлын шилдэг бүтээл шалгаруулдаг тэмцээнд оролцож, Гран при шагналыг анх удаа Монгол Улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулсан.
Тэгвэл дэлхийн сонгодог урлагийн чиглэлээр уран бүтээл туурвиж буй Б.Баясгалан хоёр дахь удаагаа эх орныхоо нэрийг дэлхийд таниуллаа.
“Би хүний дотоод мөн чанар, сэтгэл хөдлөлийн нуугдмал хөг аялгууг уран бүтээлээрээ дамжуулан илэрхийлэхийг эрмэлздэг. Миний ирээдүйн зорилго бол Грек, Ромын архитекторын классик сонгодог чиглэлээр мэргэшиж, түүнийгээ уран бүтээлтэйгээ хослуулан сонгодог бүтээл туурвихыг хүсдэг” гэж ярилаа.
Б.Баясгалан Лондон хотод зохиогдох “FACE-2014” үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд оролцоод эх орондоо ирэхээр төлөвлөжээ.
Э.Оргил