Соёл урлагийн салбарын төлөөллүүд ССАЖЯ-ны гадна талбайд буюу хуучнаар Барилгачдын талбайд тайван жагсаал хийж, цалингаа нэмэхийг шаардлаа.
Тус салбарынхан өөрийн гэсэн яамтай болсон ч ажилчдын цалин тэтгэвэр нэмэгдээгүй, нийгмийн халамж үйлчилгээ, ажиллах орчин нөхцөл сайжраагүй гэх мэт олон асуудал тулгамдаж байгааг хэлж байсан юм.
Мөн тэд сард 400 орчим мянган төгрөгийн цалин авдаг нь хаанаа ч хүрэлцдэггүй, олон жил энэ мөнгөөр аргалж, нүүрээрээ тахалж явлаа хэмээн хэлээд хэрэв цалин нэмэхгүй, шагнал урамшууллыг үнэлдэг болгохгүй бол цаашдаа тэмцлийн бусад хэлбэрийг сонгоно гэдгээ мэдэгдсэн юм.
Энэ үеэр МУГЖ Ө.Уянга “Бид өнгөн дээрээ гоё сайхан хувцаслаад, сайн явж байгаа мэт харагдаж байгаа мэт боловч үнэндээ байдал хэцүү л байна. Өчнөөн их хөдөлмөр, хөлс хүчээ гаргаж ажиллаж байхад биднийг үнэлэх үнэлэмж доогуур байгаа цагт сонгодог урлаг байгаад хэрэг байна уу гэж асуумаар байна. Гэтэл Солонгос улсад дуурийн дуучин нь сард 2000 ам.долларын цалин авч байна. Гэтэл бид 200 ч хүрэхгүй долларын цалин авч байгаадаа ичиж байна. Бидэнд тэр улсад очоод ажиллах боломж бий. Гэвч эх орныхоо нэрийг өргөж, улс эх орондоо хөдөлмөрлөж, шударгаар хөдөлмөрөө үнэлүүлэх боломж бий болох байх гэж найдаж байна” хэмээсэн юм.
Эх сурвалж: mminfo.mn