“Монгол бахархал” уриан дор улс орон даяар өрнөж буй Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд Монголын Үндэсний музей өөрийн сан хөмрөгийн цуглуулгаас “Ясан сийлбэрийн гайхамшигт өв” сэдэвчилсэн тусгай үзэсгэлэнг дэлгэж байна.
Монгол урчуудын сийлбэрийн өв дурсгалыг ясан сийлбэрийн төрлөөр сэдэвчлэн нэн эртнээс өнөөг хүртэлх үеийг хамрах үзмэр, уран бүтээлээс дээжлэн дэглэх тус үзэсгэлэн нь монгол урчуудын ур ухааны гайхамшигтай танилцах, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Монгол урчуудын бүтээсэн ясан сийлбэрийн бүтээлийн их өв санг нэгтгэн анх удаа үзэгчдэд толилуулж байгаа нь тус үзэсгэлэнгийн онцлог юм.
Музейн сан хөмрөгт хадгалагдаж буй ясан эдлэл, ясан сийлбэрийн бүтээл нь археологийн малтлага судалгаанаас илэрсэн ясан сойз, савх, шоо, нумын наалт, сумны зэв, бүсний арал, XVIII-XX зууны үед хамаарах шашны зан үйлд ашиглагддаг эвэр тунараа, ясан эрхи, ясан пүрэв, ахуйн хэрэглээний ясан хяртай эмээл, ясан чимэгтэй хусуур, бугын эврээр чимэглэсэн ташуур, гоёл чимэглэлийн бүсний бэл, ясан иштэй хэт хутга, ясан хуйтай хутга, урлагийн бүтээл болох зааны соёон дээр улс орны хөгжил цэцэглэлтийг харуулсан сийлбэр, Х.Чойбалсан, И.Сталин нарын сийлбэр, ясан тоглоом наадгай болох бугын эврээр хийсэн хорол тоглоом, ясан шатар, шагайн хашлага, ясан чимэглэлтэй морин хуур зэрэг 120 дэсийн 148 гаруй үзмэр багтаж байна.
Тус үзэсгэлэнд БНМАУ-ын УГЗ, чимэглэлийн урлагийн нэрт мастер, ясан сийлбэрийн урлагийг хөгжүүлэгч С.Сэнгээ, түүний хүү С.Базар, Ардын Зураач, БНМАУ-ын УГЗ, уран сийлбэрч Л.Чуваамэд, мөн 1952 онд анх сууриа тавьсан “Урчуудын артель”-ийн урчууд Л.Дорж, Д.Гүнд, Ц.Минжүүр нарын бүтээлүүд дэлгэгдэв.
Үзэсгэлэн энэ сарын 30 хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй зохион байгуулагдана.

