Монгол Улс гурван саяулаа болоод зургаа хонож байна. Гэхдээ бид энэ баярт мэдээг дуулаад хоёр л хонож байгаа. Учир нь, гурван сая дахь иргэнийг тодруулахаар холбогдох байгууллагын хамтарсан ажлын хэсэг гарч ажилласан бөгөөд тэд тал бүрийн мэдээллээ нэгтгэснээр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд энэ сарын 24-нд Э.Хатанболд, Г.Аззаяа нарын ууган охин болон мэндэлсэн .Сэлэнгэ охин Монгол Улсыг гурван саяул болгосныг тогтоосон юм. Гурван сая дахь иргэнд эцэг эх нь Сэлэнгэ гэх нэр өгсөн байсан.
Гэвч гурван сая дахь иргэн болсныг нь мэдсэн даруйдаа ар гэрийнхэн нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг охиндоо нэр хайрлахыг хүссэн учраас Төрийн тэргүүн Монголжин хэмээн нэрийдсэн. Монголжин охины аав ээж 1992 онд төрсөн залуухан хос байсан юм. Дөнгөж амьдрал эхэлж байгаа залуу гэр бүлд Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлсэнд олон нийтийн зүгээс сайшаалтай хандаж байгааг энд дуулгахад илүүдэхгүй болов уу. Түүнчлэн Монголжин охины чацуутнаар улсын хэмжээнд 181 хүүхэд тодроод байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ сарын 24-нд мэндэлсэн бүх хүүхэд гурван сая дахь иргэний үе чацуутнаар тодорч байна. Ийнхүү Х.Монголжинтой холбоотой мэдээлэл цахим ертөнц төдийгүй хэвлэл мэдээллийнхний анхаарлаас холдоогүй байхад буюу өчигдөр ажлын хэсгийнхэн дахин мэдээлэл хийж, Х.Монголжин охинтой хамгийн ойр төрсөн 29 хүүхдийг зарлалаа. Өөрөөр хэлбэл, тэд бусдаасаа арай илүү тэтгэмж хүртэнэ гэсэн үг.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар “Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах ажлыг зохион байгуулах” үүрэг бүхий ажлын хэсгийг өнгөрсөн жил байгуулсан бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тус комиссыг ахалж, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, ҮСХ-ны дарга С.Мэндсайхан нар орлогч даргаар ажилласан юм. Уг ажлын хэсгийнхэн Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулан энэ сарын 28-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Харин гурван сая дахь иргэний чацуутан болох 29 хүүхдийг 70 хүртэлх сая төгрөгийн үнэ бүхий орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнахаар болсон бөгөөд чацуутнаар 181 хүүхэд мэндлээд байгаа юм. Эдгээр хүүхдэд Засгийн газрын нөөц хөрөнгөөс тус бүр гурван сая төгрөгийн тэтгэлэг олгох журамтай. Үүний дагуу гурван сая дахь иргэн тодорсноос бусад аймаг, дүүрэгт Монгол Улсын гурван сая дахь иргэний мэндэлсэн өдрийн цаг хугацаатай хамгийн ойр төрсөн нэг чацуутанд 70 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнах эрхийг орон нутгийн удирдлагад нь олгоод байна.
Түүнчлэн нийтэд алдаршуулах ажлыг аймаг, нийслэлийн дүүргийн Засаг дарга орон нутагтаа зохион байгуулна гэдгийг ХАХНХ-ын сайд тодотгосон. Харин гурван сая дахь иргэн, түүний үе чацуутнуудыг алдаршуулах, мөнгөн тэтгэлэг олгох ажлыг ирэх сарын 10-ны дотор дуусгана гэдгийг ажлын хэсгийнхэн албан ёсоор зарлалаа. Энэ үеэр ҮСХ-ны дарга С.Мэндсайханаас дараах асуултад хариулт авлаа.
С.Мэндсайхан: Маргаан гаргахгүй байх үүднээс бүх мэдээллийг сайтар нягталсан
-Гурван сая дахь иргэнийг ямар аргачлалаар тодруулсан талаар мэдээлэл өгнө үү?
-Нэгдүгээр сарын 1-нд нийт хүн амын тоо хэд байсныг тооцоолсон. Харин үүнээс хойшхи бүх төрөлтийг өдөрт хэдэн хүүхэд төрснөөр нь бүртгэж авсан байгаа. Мөн бүх төрөлтийг цаг, минутаар нь жагсаачихсан. Мэдээж энэ хугацаанд хорвоогийн жам ёсоор хүмүүс нас бардаг. Харин нас баралтыг сүүлийн гурван жилийн дунджаас үзэхэд 32 минут 13868 секундэд дунджаар нэг хүн нас барж байна гэсэн тооцоо гарсан. Энэ тооцооллын үндсэн дээр манай улсын хүн ам энэ сарын 24-ний өдрийн 73 дахь төрөлт гурван сая дахь нь юм байна гэдгийг бид тодруулсан.
-181 хүүхдийг гурван сая дахь иргэний чацуутнаар тодруулахдаа цагийг ямар байдлаар тооцсон бэ?
-Монгол Улсын хэмжээнд энэ сарын 18- нийг хүртэл төрсөн бүх хүүхдийн тоог бид авсан. Учир нь, төрөлтийн тоог харахаар гурван саяд хүрэхгүй байсан учраас. Харин 19-ний шөнийн 00.00 цагаас эхлээд өдрийн туршид бүх төрөлтийг цаг, минутаар нь бүртгэж авсан. Өөрөөр хэлбэл, 26-ныг хүртэл төрсөн бүх хүүхдийн мэдээлэл цаг, минуттайгаа байгаа гэсэн үг. Харин ЭМСЯ-наас бүх төрөх эмнэлгийн цагийг Стандартчилал хэмжилзүйн газрын эталон цагтай тааруулсан. Ингээд тодорхой гаргасан журмын дагуу хүүхэд мэндлэнгүүт ээжид нь “Төдөн цаг төдөн минутад тийм хүүхэдтэй боллоо” гэдгийг эх баригч нь чанга дуугаар хэлж өгч байсан. Түүнчлэн тухайн хүүхдийн төрсөн талаарх мэдээллийг хоёр хувь үйлдээд ээжид нь нэгийг өгсөн бол бид нэгийг нь авч үлдсэн. Тиймээс нэгдүгээр сард төрсөн бүх аав, ээжид хүүхдийнх нь төрсөн талаарх бүх мэдээлэл бичгээр хүрсэн байгаа.
-Гурван сая дахь иргэнийг төрснөөс дөрөв хоногийн дараа олон нийтэд зарлалаа шүү дээ. Яагаад олон хоногийн дараа зарлав. Үүнд та албан ёсны тайлбар хийнэ үү?
-Нэгдүгээрт, энэ сарын 24-25 амралтын өдөр таарсан. Хоёрдугаарт, энэ өдрүүдэд гадаадад манай улсын иргэд төрсөн байхыг үгүйсгэхгүй. Харин хилийн чанадад төрсөн хүүхдүүд тухайн улсынхаа консулын газарт бүртгүүлэхийн тулд ажлын өдөр буюу 26-ныхаа өдөр хандах ёстой. Гэтэл АНУ-ын 26 манай улсын 27-ны өдөр байж таардаг учраас бид 27-ныг дуустал хилийн чанад дахь төрөлтийн мэдээллийг авсан. Яг гурван сая дахь иргэн хэдэн сарын хэдний өдөр төрөх вэ гэдгийг бид ч мэдэхгүй байсан. Гэхдээ ер нь 19-нөөс хойш төрөх нь гэдэг прогноз гарсан учраас баталгаатай гэж үзээд 26-ныг дуустал мэдээлэл авсан. Ингээд ажлын хэсэг мэдээллээ нэгтгээд гурван сая дахь иргэн 24-ний өдөр төрсөн юм байна гэдгийг энэ сарын 27-ны орой тогтоосон. Нөгөө талаас энэ сард төрсөн бүх хүүхдийн овог нэр, эцэг, эхийн харьяаллыг бас нягталсан. Учир нь, манай улсад амьдарч байгаа гадаадын иргэний хүүхэд бүртгэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Хэрвээ алдаа гарвал гурван сая дахь иргэнийг тодруулах ажил хойшилж, ухрах магадлалтай.
-Гурван сая дахь иргэнтэй ойрхон төрсөн 29 хүүхдийг тодруулахад ч бас амар байгаагүй байх. Энэ мэдээллийг өчигдөр /уржигдар/ хамтатгаж мэдээлэх боломжгүй байсан хэрэг үү?
-Орон нутагт амьдардаг хүн өнөөдөр нийслэлд ирээд амаржиж болж байна. Нийслэлийн иргэн харьяаллын бус дүүрэгт ч төрж болдог. Тийм учраас бид тухайн төрсөн хүүхэд хаана бүртгэлтэйг тодорхойлохын тулд хаягийн бүртгэлийг зайлшгүй нягталж, шалгах шаардлагатай болсон. Мөн зарим хүн энд амьдарч байгаа атлаа өөр газарт бүртгэлтэй байх тохиолдол олон. Цаашлаад эхнэр нөхөр хоёр хэдийгээр хүүхдийн эцэг, эх болж байгаа ч нэг гэртээ хараахан ороогүй тохиолдол ч бас бий. Тиймээс дараа нь ямар нэгэн маргаан гаргахгүй байх үүднээс энэ бүхнийг нягталсан. Ингээд бүх мэдээллийг нягталснаар гурван сая дахь иргэний чацуутан болох 29 хүүхдийг тодруулснаа нэг өдрийн дараа мэдэгдэж байгаа нь төгрөгтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгох учиртай. Ингэхдээ бэлэн мөнгөнөөс гадна түүнтэй дүйцэхгүйц хэмжээний орон сууцыг ч мөн өгч болох юм. Үүнтэй холбогдуулан аймаг, дүүргийн Засаг дарга нартай холбогдож энэ талаар мэдээлэл авахыг хичээлээ.
Гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн хүүхдүүдэд олгох тэтгэмжийг ямар байдлаар олгох гэж байгааг тодруулахаар аймгийн Засаг дарга нартай холбогдох гэсэн боловч тэдний олонхи нь эзгүй байна. Тухайлбал, Төв, Сүхбаатар, Дорноговь, Хэнтий, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн Засаг дарга нар гадаадад явна. Тэдний утас руу залгасан ч дээрх дарга нарын утас мессеж роуминг үйлчилгээг идэвхжүүлсэн байлаа. Харин нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргатай холбогдож, энэ талаар тодруулахад “Төсвийн тодотголд ийм мөнгө суулгаагүй. Одоогоор бидэнд албан ёсны журмыг нь ирүүлээгүй байна. Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж таарах болов уу” гэлээ. Ямар ч байсан энэ байдлаас харахад нийслэлийн дүүргүүдээс тодорсон гурван сая дахь иргэнтэй ойролцоо төрсөн хүүхдүүдэд тэтгэмжийнх нь мөнгө тийм ч хурдан очихгүй бололтой.