“Боловсрол суваг" телевиз, "Бюро 24/7” дижитал сэтгүүлийн уран бүтээлчдийн хамтран зохион байгуулсан Монголын загварын ертөнцөд цоо шинэ дүр төрх бий болгох зорилготой “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн эцсийн шалгаруулалт болж шилдгүүдээ тодруулсан. Олон арван сард ганц нэгхэн удаа болдог загварын шоунуудаас илүүтэйгээр Монголчуудын ярианы сэдэв болж, үргэлж олны анхаарлын төвд байсан тус шоуны ялагчаар хувийн дугаар “1”, оролцогч Б.Цэрэндолгор шалгарав. Харин загвар өмсөгч Ю.Балжидмаа 48 оноогоор хоёрдугаар байр, Т.Номин-Эрдэнэ 39 оноогоор гурав дугаар байрт тус тус шалгарсан билээ.
Загвар өмсөгчид зүгээр нэг гоё хувцас өмсөөд камерын өмнө гардаг ганган хүүхнүүд биш гэдгийг тус шоу харуулж чадлаа. Өмнө нь олны анхаарлыг татсан, том модель шалгаруулах ийм шоу болж байгаагүй билээ. Зохион байгуулагчдын зүгээс дугаар бүртээ шинэ шинэлэг зураг авалтын санааг бий болгож, оролцогчдын чадварыг жинхэнэ утгаар нь сорьж, тэднийг хөгжүүлж чадсан гэдэгт үзэгчид хийгээд моделиуд ч итгэлтэй байгаа болов уу.
Цаатан түмний ёс заншлыг харуулж, тэдний мартагдах шахсан өв уламжлал, хувцасны соёлыг олон нийтэд сурталчлан харуулахаа ч тэд мартсангүй. Цаатан түмний урцанд авахуулсан зургуудаас Б.Цэрэндолгорын зураг шүүгчдэд өндөр үнэлэгдэж байсан юм.
Ер нь нэвтрүүлэг эхэлснээс хойш үзэгчид Ю.Балжидмаа, Б.Цэрэндолгор, Т.Ану-Үжин нарыг сайн, муугаар шүүмжилж эхэлсэн. Мэдээж Т.Ану-Үжин тус шоуны хүчтэй өрсөлдөгчдийн нэг байсан хэдий ч финалд шалгарч чадаагүй. Сүүлчийн шалгаруулалтын толбогүй цагаан тайзан дээр Т.Ану-Үжин, Ю.Балжидмаа, Б.Цэрэндолгор гурав зэрэгцэж зогссон бол жинхэнэ шударга шүүлт болох байсан талаар зарим үзэгчид сэтгэгдлээ илэрхийлээд ч амжсан. Юутай ч энэхүү асуудлыг олны дунд хариулт болгон үлдээгээд гол яриандаа ороё.
Анх ээжийнхээ зөвлөснөөр “Шилмэл” загварын агентлагт явж, Э.Сэлэнгэ багшаараа хичээл заалгаж байсан Б.Цэрэндолгор Ариунаа Сүригийн урласан “Save Mazaalai” коллекцийн загварыг хүмүүст танилцуулах үеэр зураг авалтанд оролцож үзэгчдэд танил болжээ.
Түүний харцнаас дайчин, зоримог чанар нь харагддаг бөгөөд энэ нь зураг авалт бүр дээр мэдрэгдэж байсан юм. Мөнхүү үзэгчдэд таалагдсан хайр татам зан чанар түүнд бий. Тэр өөрийн хэлэх гэсэн зүйлээ олны дэргэд, хэнээс ч үл хамааран хэлчихдэг шулуун шударга зантай нэгэн. Анх Ю.Балжидмаагийн талаар “Өнөөдөр мисс, моделио ялгаж чадахгүй хүн энд орж ирээд хүнд томроод байна гэдэг тэнэг хэрэг” гэж ярьсан нь үүний томоохон нотолгоо болно.
Охид өвдгөө чичрүүлэн хүйтэн ус руу орж ядан байхад тэр зүгээр л алхаад орчихсон. Өвлийн тайгад зураг авахуулж байхдаа хэдий даарч байсан ч бусдыг хүндэтгэж байгаа нь түүнийг ямар ухаалаг болохыг үзэгчдэд хэлээд өгсөн юм.
Б.Цэрэндолгор “Би ганцаараа биш, энд маш олон хүн ажиллаж байна. Тэд бүгдээрээ даарч байгаа гэж” бодсон тухайгаа ярьсан. Моделиуд хоосон толгойтой, бие хаа, царай зүсээрээ гайхуулдаг хүмүүс гэх олон нийтийн хандлагыг тэр өөрчилж чадсан нь хамгийн талархууштай явдал байв.
Тэрээр “Unen.mn” сайтад өгсөн ярилцлагадаа “Шууд харсан хүнд миний дүр төрх онцлогтой юм шиг санагдах байх. Би өөрийгөө хэзээ ч өвөрмөц төрхтэй гэж бодож байгаагүй. Олон хүн тэгж хэлдэг ч өөрийгөө толинд харахаар тэгж санагддаггүй. Монголын загварын томоохон төлөөлөл болсон хүмүүс намайг өвөрмөц царайтай гэж хэлж байсан. Түүнд маш их урамшсан. Би уран зохиолын ном их уншдаг. Яагаад ч юм бэ уран зохиолоос өөр төрлийн ном уншдаггүй. Ийм төрлийн ном хүний төсөөлөн бодох чадварыг хөгжүүлдэг” гэж ярьсныг түүний фэнүүд, уншигчид андахгүй мэдэж буй.
Басхүү нэг онцлууштай зүйл нь түүний ээж юм. Оролцогчид шоуны 8 дахь дугаарын үеэр ээжтэйгээ зураг авахуулж хоорондоо өрсөлдсөн бөгөөд охиноосоо дутахгүй бие хаа, царай зүстэй Б.Цэрэндолгорын ээж үзэгчдийн ярианы хамгийн том сэдэв болж байв. Үүгээрээ “Mongolia’s next top model” шоуны бас нэгэн ялагч нь Б.Цэрэндолгорын ээж Д.Нарантуяа гэж хэлж болно. “Хэн нь ээж, хэн нь охин нь юм бэ”, “Цэрэндолгорын ээж түрүүлээсэй, би лав 100 хувь дэмжинэ” гэх мэт наргиантай олон асуулт, сэтгэгдлийг ар араасаа дагуулсан тэрээр ялагч тодрох мөчид ч тайзан дээр том моделиудаас дутахгүй харагдаж байлаа.
Ямартаа ч Б.Цэрэндолгор “Гоёл” наадмын тайзнаас төрөөгүй анхны топ модель боллоо. Түүний амжилт энэ хүрээд эцэс болчихгүй гэдгийг тэр өөрөө, мөн үзэгчид ч мэдэж буй. Цаашдаа дэлхийн томоохон загварын ангентлагуудтай гэрээгээр ажиллах боломж, үүд хаалга нээлттэй байна.
Зураг авалт бүртээ монгол эмэгтэйн онцлог шинжийг үзүүлэхийг зорьж, түүхэнд мөнхөрсөн дайчин эмэгтэйчүүд шиг харагдахыг илүүд хүсдэг Б.Цэрэндолгорыг ялагчаар тодруулсан нь хамгийн зөв алхам ч байж болох юм. Үр дүнг нь цаг хугацаа харуулах биз ээ.
Тоймч Б.Алтанхуяг
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг