Хийвэл бүү ай. Айвал бүү хий гэж. Үнэн үг. Аймхай амьтад авлига авч чадахгүй. Авсан ч шөнө нь зүүдэлж, өдөр нь салгалж байгаад баригдана. Харин Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр бол айхгүй. Айхгүй гэдгээ ч хэлсэн. Өөрт нь авлига өгөхөөр оролдож байсныг ч мань хүн ярьсан. Гэхдээ тэр удаад татгалзсан юм гэсэн. Харин хэн авлигадахыг завдсаныг хэлээгүй. Авлигатай тэмцэх газрынхан асуухаар өмнөөс нь салаавч өгөөд байгаа. Аль эсвэл асуултыг нь сонсонгуутаа “Сонсохгүй байна, сонсохгүй байна…” гээд чихээ таглачихаад холхиод байдаг юм билээ.
Өчигдөр гэхэд л МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурал дахиад хойшиллоо. Энэ удаад өмгөөлөгч О.Сайнгэрэлийнх нь хүүхэд өвдсөн учраас ирээгүй гэнэ. Ингээд гавъяат хуульч, доктор С.Нарангэрэлийг өмгөөлөгчөөрөө сонгожээ. Нэг намын хамтран зүтгэгч С.Нарангэрэл үйлчлүүлэгчийнхээ хавтаст хэрэгтэй танилцахад хугацаа хэрэгтэй гэсэн үндэслэлийг өчигдөр шүүхэд гаргажээ. Танилцсаных нь дараа таалагдахаа байгаад дахиад нэг өмгөөлөгч сольж мэдэх л юм. Тиймэрхүү шалдир булдар шалтгаанаар Л.Шинэн, Б.Ганбаатар, О.Баасанхүү, Н.Оюунбилэг, О.Сайнгэрэл, С.Нарангэрэл нарын өмгөөлөгчийг сольсноор шүүх хурлыг таван удаа хойшлуулж дөнгөлөө. Дараагийн удаад энэ сарын 31-нд шүүх хурал болно гэдэг итгэл муутайхан сонсогдож байна. Эргэлзээ ч төрүүлж байна. Авлигын хэрэг маш нууц, илэрвэл авралгүй болохоор энэ төрлийн гэмтнүүд байнга л хурлыг хойшлуулах арга саам хайдаг гэлтэй.
Саяхан 20 жилийн өмнө FIFA-ний экс-ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жоао Авеланж болон FIFA-гийн Гүйцэтгэх хорооны гишүүн асан Рикардо Тейшейра нарын авсан авлигын хэргийн баримтуудыг Швейцарийн шүүхийн байгууллага ил болгов. Тэднийг авлига өгсөн компанийнхан нь илчилжээ. Гэвч энэ эрхмүүд нас дээр гарсан төдийгүй, эрүүл мэндийн шалтгаанаар ялаас мултрах бололтой. Манай хүн ч тэдэн шиг эрүүл мэндийн шалтгаанаар хэсэг хугацаанд шүүх хурлыг хойшлуулсныг санаж буй байх.
Тэгвэл энэ жилийн хамгийн том авлигын хэргээр Хятадын улс төрийн товчооны нөлөө бүхий гишүүн асан Бой Силайгийн хэрэг тодроод байгаа. Тэрээр анх улс төрд гарч ирэхдээ авлигатай хатуу тэмцсэнээрээ алдартай ч энэ удаад өөрөө орооцолджээ. Тэр энэ хэргээсээ болоод одоо хоригдож буй. Эхнэр нь ч Английн бизнесмэнд хор өгч амийг нь егүүтгэсэн хэргээр бас л торны цаана суусан. Ингээд Хятадын их удирдагчийн залгамжлагч гэгдэж байсан түүнд хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээхээс өөр зам үлдээгүй.
Энэ мэт авлигын хэрэгтэй харьцуулбал Н.Энхбаярын хэрэг дэлхийд ч дуулиан тарьж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга утсаар ярихдаа авлигачидтай хатуухан тэмцэхийг уриалсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Монголд айлчилсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон битүү хатуугаар авлигын загалмайлсан эцэгтэй яаралтай хариуцлага тооцохыг хэлчихээд явсан шүү дээ.
Хатагтай Клинтоны монголчуудад дахин дахин сануулсан ганц мессэж нь тэр байлаа. Харин Н.Энхбаяр шүүх хурлыг ямар нэгэн аргаар хойшлуулахын тулд “өмгөөлөгч” төлөвлөгөөгөө дөрвөн ч удаа гарамгай хэрэгжүүллээ. Цаашид ч энэ байдал үргэлжлэх нь гарцаагүй. Эцэстээ шахаанд орж мэдэх ч дахиад л нэг шалтгаан олох нь тодорхой. Тэр нь нэгдсэн I эмнэлэгт хэвтэх, зүрхний хагалгаанд орох гэх мэтээр үргэлжилж болох юм.
Сониноос сүүлийн үед албан тушаалтын хэрэгт холбогдсон томчууд зүрхний хагалгаанд их орох болсон гэдгийг эмч нар ярих болсон. Учир нь энэ хагалгаа нь хүнд хагалгаа биш бөгөөд гуурсаар хатгах төдийд л дуусдаг гээд байгаа. Тэгэхээр шүүх хурлыг хойшлуулж болох бас нэг шалтгаан.
Харин энэ хооронд иргэд итгэл алдарч байна. Авлигын хэрэгт холбогдсон байцаагч, мэргэжилтэн зэрэг “жараахай”-нуудыг асуудалгүй илгээдэг шүүх өндөр албан тушаалтанд ч өөрөөр хандаж байна гэдэг иргэдийн хардлага улам бүр нэмэгдэх болно.
Ер нь Монголд “акул”-д агнуулдаг, жараахайг “зажилдаг” л хууль үйлчлээд байх шиг. Дөрвөн жилийн өмнө улайм цайм иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор авлига өгч байсан Б.Чойжилсүрэнг хэн ч шалгаагүй. Бүр баримтжуулсан видео бичлэг нь байсаар байтал шүү. Хариуцлага ч тооцоогүй. Амташсан хэрээ арван гурав дахина гэгчээр Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар энэ жил ч иргэдийг авлигадсан. Тэдэнд одоо төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан хэргээр эрүүгийн хэрэг үүсээд байгаа ч шийдэгдэх эсэх нь таг чиг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд авлигын хэргээр хариуцлага тооцсон албан тушаалтнуудыг эргээд хамтдаа сөхөцгөөе.
-Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Барилга, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын газрын ерөнхий менежер Ө.Сүхбаатарыг Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын 22-ноос шалгаж эхэлсэн. Түүнийг шалгахдаа Авлигатай тэмцэх газрынхан Нийслэлийн захирагчийн ажлын албанд удаа дараа албан бичиг хүргүүлж, ажлаас нь халах шаардлагыг тавьж байсан юм. Энэ дагуу Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Н.Нацагдорж тушаал гаргаж, Ө.Сүхбаатарыг ерөнхий менежерийн үүрэгт ажлаас нь өнгөрсөн тавдугаар сарын 29-ний өдөр чөлөөлжээ.
-Хилийн 0218 дугаар ангийн захиргаанаас албан хаагчдадаа сургалт зохион байгуулж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, зөрчил дутагдлыг давтан гаргуулахгүй байх үүднээс гарын үсгээр баталгаа гаргуулсны зэрэгцээ эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдсан нэр бүхий хүмүүсийг албан үүргээс нь түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.
-Авлигатай тэмцэх газраас Тагнуулын ерөнхий газрын харьяа Төрийн тусгай хамгаалалтын газрын ахлах нягтлан бодогч С.Нямхишигт хариуцлага тооцуулахаар шийд вэрлэж, Тагнуулын ерөнхий газрын даргын нэр дээр албан бичиг явуулжээ.
Үүний дагуу С.Нямхишигийг ажлаас нь халсан байна. Хамгийн томдоо л гаалийн тодотголтой Х.Баатарын хэрэг байх шив дээ.
Тиймээс л Н.Энхбаярын хэргийн шүүх хурлыг заавал хийх шаардлагатай. Гэхдээ олон тэрбумаар нь идсэн гэх хэрэгт өршөөл үзүүлбэл өөгшүүлсэн болно. Н.Энхбаяр авлига аваагүй, албан тушаалаа ашиглаагүй юм бол яагаад шүүхийг санаатайгаар хойшлуулаад байна вэ. Тэр айхгүй гэсэн. Айгаагүй юм бол авлигын гэх хэргээ шалгуулж, шүүхээр шийдвэрлүүлэхээс юунаас нь айсан юм бол.
Хийвэл бүү ай. Айвал бүү хий гэж. Айгаагүй юм бол алив шүүх хурлыг явуулаач гэж авлигачдын загалмайлсан эцэг гэгддэг Н.Энхбаяраас хүсье. Загалмайлсан, загалмайлаагүйгээ ч тогтоолгочих л хэрэгтэй. Танд өгөх нэгэн зөвлөгөө байна. Таны хэлснээр “Бөгс долоогч”-доо ч гэрчил. Унасан ч хамтдаа унадаг цаг.
Л.НАРАНТӨГС