“TV cocktail” хамтлаг ирэх сарын эхэнд сэтгэхүйн эмгэнэлт драмын жүжиг үзэгчдэдээ хүргэхээр бэлтгэлдээ орсон байна. Уг жүжгийн продюссерээр ажиллаж буй “TV cocktail” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяраас жүжгийн талаар тодруулснаа хүргэе.
-Энэ жүжигт та ямар дүрд тоглох вэ?
-Миний хувьд жүжигчин Амбий буюу Ц.Батхуяг ахын орлон тоглогчоор ажиллаж байгаа. Энэ жүжиг маань өөрөө амьд жүжиг. Мөн олон хоног тоглогдох учраас орлон тоглогч хэрэгтэй үе гарна. Тохиолдож болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж орлон тоглогчийн дүрийг найруулагч надад өгсөн. Уран сайхны кино, драмын жүжигт найруулагч нь хаан учир надад даатгаж өгсөн дүрийг дуртайяа хүлээн авсан.
-Жүжгийн найруулагчаар хэн ажиллаж байна вэ?
-Монголын Хүүхэлдэйн театрын найруулагч Д.Жанчивдорж гуайн хүү Ж.Сэнгэдорж ажиллаж байгаа. Найруулагч маань монголын хамгийн анхны цуврал кино болох “Мөрөөдлийн хөлөг онгоц” мөн “Бодлын хулгайч”, “Адам” зэрэг уран бүтээлээр нь хүмүүс сайн таних байх. Драмын жүжиг найруулаагүй олон жил болсон ч Ж.Сэнгэдорж сайн жүжиг тавина гэдэгт итгэж байгаа.
-Жүжгийн зохиолын талаар ярихгүй юу?
-Францын зохиолч Э.Шмитийн зохиолоор энэ жүжгээ хийж байгаа. Энэ зохиолоо Э.Шмит 1999 онд бодит амьдралаас сэдэвлэн бичиж, түүнээс хойш Франц, Испани, Герман, Америк, Болгар, Итали, Орос зэрэг Европын бүх улсаар тойрон тоглогдсон сайн жүжиг юм билээ. Тийм учраас бид энэ зохиолыг сонгосон. Манай улс нийгмийн амьдралд зохицсон жүжиг байсан.
-Жүжгийн зохиолыг эх хувилбараар нь тоглож байна уу. Эсвэл бага зэрэг өөрчилсөн үү?
-Энэ зохиол орон бүрт өөр өөрөөр тавигдаж байсан юм билээ. ОХУ-д гэхэд жүжгээ эвдэхгүйгээр найруулагч нь нэг хүний хэлэх үг, үйлдлийг дөч юм уу тавин хүнээр зэрэг хэлүүлж байх жишээтэй. Энэ нь найруулагчийн тавилтаас ихээхэн шалтгаална. Ж.Сэнгэдорж найруулагчийн хувьд яг яаж жүжгээ тавих вэ гэдгийг нь одоогоор хэлж мэдэхгүй байна. Их сонирхолтой тавилттай жүжиг болно гэж догдолж байгаа.
-Энэ жүжгээрээ юуг илэрхийлэхийг зорьж байна вэ?
-Хүмүүст ухаарал хайрлах жүжиг болно гэдэгт итгэлтэй байгаа. Манай жүжгийг үзсэн хүмүүс их зүйлийг ойлгох болно. Амьдрал ганцхан юм шүү. Бурхнаас бидэнд өгсөн хамгийн том бэлэг бол амьдрал гэдэг агуулгатай зохиол юм. Э.Шмит энэ зохиолдоо бид яаж амьдарч байна вэ, яаж амьдарвал зөв чигээр явах вэ гэдгийг дээрээс нь тольдож харж бичсэн зохиол юм шиг надад санагддаг шүү.
-Дүр хуваарилалтын талаар ярихгүй юу?
-Жүжиг маань зургаан гол дүртэй. Энэ гол дүрд урилгаар жүжигчин Ж.Оюундарь, Ц.Батхуяг, Б.Навчаа, Н.Цэнд-Аюуш, А.Өнөржаргал, “Guys” хамтлагийн дуучин М.Мягмар тоглож байгаа. Н.Цэнд-Аюушийн хувьд бие муутай, өөрийг нь тоож хайрлах хүнгүй болохоор олон эрчүүдээс хайр гуйсан нэгэн бүсгүйн дүрийг бүтээж байгаа. Бусад жүжигчдийг ямар дүрд тоглосныг үзэгчид маань ирээд үзээсэй гэж хүсэж байна.
-Энэ жүжиг “TV cocktail” хамтлагийн анхны драмын жүжиг шүү дээ. Цаашид дахин инээдмийн кино хийх үү?
-Манай хамтлагийн хувьд өмнө нь “Сайн уу амьдрал минь”, “Намрын синдром”,”Мөнгөний гахай” зэрэг уран сайхны кино бүтээсэн. Энэ гурван кино өөрийн өнгө төрхөөрөө тухайн үед үзэгчдэд хүрсэн байх гэж боддог. Анх хамтлагаа байгуулахдаа “Hot чинжүү” инээдмийн нэвтрүүлгээр үзэгчдэд танигдсан болохоор үзэгчид илүү хүлээдэг байж магадгүй. Энэ жүжгээ дуусгаад “TV cocktail” хамтлаг инээдмийн кино гэхээсээ илүү хошин шог руу урвах байх.
-Драмын жүжиг хийхийг мөрөөддөг байсан бол одоо миний мөрөөдөл биелж байна гэж ярьж байхыг тань сонссон. Энэ талаар уншигчддаа сонирхуулахгүй юу?
-Тийм шүү. Оюутан байхдаа хошин урлагийн ах, эгч нараа хараад жүжигчин болоод үзэгчдэд инээд бэлэглэдэг сайн жүжигчин болох юмсан гэж хүсэж, мөрөөдөж, бүр зүүдэлдэг байсан. Сургуулиа төгсөөд “Hot чинжүү” инээдмийн нэвтрүүлгээ найз нартайгаа хамтран хийж эхэлсэн. Мөрөөдөж, хүсэж, тэмүүлж байсан зүйлээ энэ нэвтрүүлгээрээ бид хийж чадсан. Хүн их давруу юм билээ. Олонд танигдаад ирэхээрээ бүр их олон зүйл хийж бүтээмээр санагдаад “TV cocktail” хамтлагаа байгуулсан. Тэр үед хамт олноороо инээдмийн кино хийж, тэр киног нь үзэгчид кино театрт дүүрэн суудалтай үзэж ямар нэгэн зүйл ойлгоод гардаг сайн бүтээл хийхийг зорих болсон. Бид зоригтой, эрч хүчтэй залуу хүн учир анх “Сайн уу амьдрал минь” инээдмийн киногоо “Guys-666”, “A- capella” хамтлагтай санаа нийлэн хийсэн нь үзэгчдэд хүрсэн. Харин одоо бид дахиад нэг мөрөөдлөө хамтдаа биелүүлэхээр ажиллаж байна. Энэ жүжгийн дараа ахин нэг мөрөөдлөө биелүүлнэ. Уншигчдадаа хандаж хэлэхэд хүсэж, мөрөөдөж байгаа бол түүндээ тэмүүлж амьдраарай гэж хэлмээр байна.
-Баярлалаа, танай хамтлагт уран бүтээлийн өндөр амжилт хүсье.