Эрхэмсэг оршихуйн өмнө ихэмсэгхэн очсон тэр нэгэн бүсгүйд зориулав)
Гал тогооны бачимхан өрөөний хулдаасан шалан дээгүүр нэлий далай болсон цусан дунд үс гэзэг нь сэгсийж, хувцас хунар нь урагдсан бүсгүй ар нуруугаараа шүүгээ налан сууна. Хоёр хөл нь сөөлжиж солбисон нь амьгүй мэт харагдана. Бүсгүйн турьхан биеийг хүйтэн мэсээр хайр найргүй сийчсэн байлаа. Тэр шүүгээн дээрх утсанд хүрэх гэж байдаг чадлаараа тэмүүлсэн боловч эцсийн мөчид түүнийгээ авч чадалгүйгээр унагаасан бололтой өрөөний тэртээ буланд цусанд хутгалдсан утасны гар хөндий дуугаран хэвтэнэ. Өөрийгөө л арай гэж дээш татан, хоёр гараараа шал тулан суужээ. Өрөөнд юмс ундуй сундуй хийгээд хэн нэгэнд түйвээгдсэн нь илхэн. Энд нэгэн аймшигт аллагын нүд халтирам зураглал тодорч, халуун цусны эхүүн үнэр өрөөгөөр нэг тархана. Бүсгүй үе үе шазав татав хийн шаналгаат дуугаар амандаа гиншинэ. Тэр ухаан орж буй бололтой. Ямар нэгэн юм хэлэх гэсэн шиг ам нь үе үе ангалзавч цустай шүлс савирч, мөгөөрсөн хоолой нь хэржигнэн дуугарна.
